Archive for the 'Yaruu Nairag' Category

Yнэр нь хаа ч байдаггүй үнэр
Өнгө нь хаа ч байхгүй өнгө
Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй
Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . .
Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд
Yнэр, өнгө түмэн цэцэг найгана.
Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг
Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана.
Өө, нөгөө л зүүд шив дээ
Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс
Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг
Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.

Г.Аюурзана

Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож  дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу

Э.Үржинханд

Хамаг олонд зүүдэн дуурийг цомногч
Хайртай хосод янагийн балыг сөгнөгч
Хар гивлүүртэй бүсгүй гэгээ хумин ирэхэд
Харин тэнэгүүд шөнө болсон гэж эндүүрнэ

Мянга мянган үнсэлт шиг тэчъяангуй одод жирвэлзэж
Мяралзан харвах солир дур тавих шиг одоход
Хачин эрхэмсэг тэр бүсгүй шанаа тулан тухалж
Хавирган сар шиг толиндоо орчлонгийн явдлыг үзнэ

Амраг охины нүд жоготойхон талимаарч
Алхах гишгэх нь хүртэл улам наалинхай болоод
Уруулын хээ бүхнээрээ нууцхан мишээл тодруулж
Удвал цэцэг мэт бие нь үл мэдэгхэн ганхаад

Дуу хоолойн өнгө нь үлэмж нарийн болоод
Дун цагаан хацар нь үзмийн дарс шиг ягаарч
Ялдам аашаа дэлгэн ёгт үгсийг өгүүлэх нь
Янаг амрагийн цэнгэлд урин дуудах мэт ээ

Шаа торгон хэвнэг шиг уян налархай бэлхүүсээр нь
Шахан тэврэхэд ичингүйрэн түлхэх маяг үзүүлж
Хашийн өнгөт нүүрээ ариг цээжинд минь наахад
Хархан гэзэгний нь үнэр мансууруулах шидтэй

Хайтан цэцгийн дэлбэ шиг чихний нь омог хийгээд
Хаврын цагаан хус мэт гоолиг хүзүүн дээр нь
Олон олон үнсэлтээр зогсоо зайгүй адислаж
Озож шимэх уруулынх нь амтыг аваад согтлоо

Голт борын цэцгэн хээтэй хоёр цагаан мөөм хийгээд
Гол шиг турьхан бэлхүүсийг нь ирвэгнүүлэн хумсалж
Цэцэг дамжих эрвээхий адил тэнүүлчин уруулаар
Цэвэрхэн түүний биеэс ямхын төдийг ч үлдээ л үгүй таалав

Бум түмэн жижиг оч бүх биеэр минь хэсүүчилж
Будант хорвоогоос тасран хөл алдан жингүйдэхэд
Улбар ягаан дэлбээтэй сараана цэцгийн цоморлигт
Уран цагаан шүүдэр сувдан бурхан шиг завиллаа

Алгуур тайван агаад үл мэдэгхэн түрэмгийлж
Ариун нандин нууцын хөшгийг хуу татан хаяад
Аргамаг сайн мориндоо ташуур өгөн цойлоход
Ай цэнгэлийн хэмнэлд автан гоо биеэ зөнд нь орхино

Ямар ч хөгжмөөс гарахгүй айзамлаг аялгууг яанам
Ямар ч цэцгээс анхилахгүй янагийн үнэрийг яанам
Ямар ч бурамтай эгнэхгүй тансаг амтыг яанам
Ямар ч жаргалаар орлохгүй цэнгэлийн манлайг яанам

Агсан хүлгийн амнаас хөөс сахран тэмүүлж
Ал улаан салхийг хага яран хурдална
Сансар огторгуйн чинадаас оддын бороо асгарч
Сарнай цэцгийн дэлбэ рүү цэгээн рашаан тургина

Аяар зүсрэх бороонд гол дэвтээж нороод
Ахин дахин шунахайран дарс сөгнөж ханаад
Сайхан төрсөн амраг түүндээ уусан орж
Салхин сарны явдлаа нойрон дундаа үзнэ

Хамаг олонд зүүдэн дуурийг цомногч
Хайртай хосод янагийн балыг сөгнөгч
Хар гивлүүртэй бүсгүй гэгээ дэлгэн одоход
Харин тэнэгүүд өглөө болсон гэж эндүүрнэ

 Д.Болдхуяг

Сэтгэл эзгүйртэл санаа алдана
Сэрүүн намрын бороо адил бодол минь асгарна
Үдшийн бүрийд би ганцаар гунигт дарагдан зогсоно
Үзтэл сэтгэл амгалан хүмүүс намайг үл анзаарна,.

Сэтгэл эзгүйрээд л нэг л хачин
Суумаар ч юм шиг босмоор ч юм шиг
Хэн нэгэнтэй ний нуугүй яримаар санагдаад
Хэлж үзээгүй, хэлэхийг хүсэхгүй ч үгээ хэлмээр юм шиг,.

Уйтгараар үдэж буй энэ өдөр хоног
Усанд ч унамаар
Улаан галд ч шатмаар
Унах навчис болж тэнгэрт ч нисмээр
Бүр орчлонг ч орхимоор,.

Гунихдаа, ганцаараа
Уйлж явлаа, нулимс минь
Зүүдэн дунд үерлэсэн юм,.

Гунихдаа, ганцаараа
Дуулж явлаа, аялгуу нь
Зүрхэн дунд үерлэсэн юм,.

Аяганы амсраар бөнжигнөх нулимсан дуслыг
Аяа, хүмүүс алган дээрээ тосоод шингээж чаддагсан бол
Юунд ч юм бэ мэдэхгүй,
Юуг ч юм бэ мэдэхгүй, ганцаарддагаа
Өөрөө ч мэдэхгүй, мэддэг ч үгүй байх,.

Олдсон жаахан амьдралдаа харамсахгүйн тулд ганцаардахаа больё
Оносон ч алдсан ч амьдрал гэдэг жаргал
Орчлонгоос буцахын үед л харин
Оготно бололгүй хүн болж төрөн гуниж, уйлж, ганцаардаж явсандаа баярлах байх,.

Ахиад амьдрах биш дээ энэ л хорвоод
Амгалан, хэнэггүй, харалган явъя
Гунигаа тээж амьдарч үзье
Ганцаардлаа тайлж шүлгээ бичье,.

Насаараа би дарь явъя , Намайг түлэх гэсэн нь шатаж яваг

Б.Цолмонтуяа

Алган дээр ургасан хүний нүд намайг цоо ширтлээ,
Айсандаа буруу харж харцаа зугтаалгав
Анивчилгүй араас нэхэн хорслоор тургив
Ам хэлтэй нөхөрлөөд хараал урсгав
Гэм хийсэн биш би гэнэт уурсав
Гал ноцоон аянга цуглуулж үүл хураав
Гэм хийгээгүй намайг цочоосондоо нүд ичиж алга болов
Галзууг дууриан идэхийг шахсан ам хэл амандаа багтлаа…

Uuganbayar

Үнсэлт бүхэн хайр биш
Үүнд итгэ, хонгор минь
Хойтон хаврын шувууд эрт ирнэ, итгэ
Хоёулаа дахиж уулзахгүй, итгэ
Агшны яруу сайханд хөл алдахдаа би харамсдаггүй
Аялуун гэнэн харц чинь л дэндүү дотнохон санагдсан

Намрын шувууд буцахад эр хүн гуньдаггүй
Намайг хайрлах сэтгэл чинь шаналалаас өөр тусгүй
Хойтон хаврын шувуу шиг эргэж чамд очихгүй
Хорин насны учрал гэнэн гэдэгт итгэхгүй
Намрын цагаан салхи шиг сэтгэл нь сэнсэрсэн
Над шиг хүнээс хайр хүлээгээд нэмэргүй
Үнсэлт бүхэн хайр биш
Үүнд итгэ,хонгор минь
Хойтон хаврын шувууд эрт ирнэ, итгэ
Хоёул аа дахиж уулзахгүй, итгэ.

 Б. Ичинхорлоо

Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрууд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардыг тэвчишгүй
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув

Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав

Р.Эмүжин

Яасан, гуниглаад л байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм
Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүн зөндөөн л дөө

Гэхдээ
Буруугүй хүнд бодол зөөлрөн уярч суулаа ч
Бусдын үрд дурлаж болдоггүй шиг хэцүү байдаг юм
Шалтгаангүй хэн нэгэн чамайг аргадвал
Шаналал чинь зовлон болж хувирдаг юм
Өрөвдүүлэх чинь аргадуулахаас хэцүү
Өөртөө гомдох чинь улам ихэснэ гээч
Зүрх хөндүүрлэтэл гомдоосон хэн нэгэн нь
Зөрөөд өнгөрөх агшнаа ч болов уярч харахад
Ээждээ айлгасан хүүхэд шиг дотроо жаахан уйлчихаад
Эргээд цаашаа алхахдаа өөрийгөө харин шоолдог юм даа
Тайтгараач
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгөхгүй

Үгний түрүүч бүлээн байна гээд ерөөл биш
Зүсний үзэгдэх сайхан гээд санаа биш
Тэнэж хэлсэн үгэндээ тэнэг алдаршдаг юм
Тэмцэж яваад ялахдаа ялтан болох ч байдаг юм
Үг дагаж үнэнд хүрнэ гэдэг чинь
Үүл дагаж газар баримжаалахтай адил
Хүн дуурайж сайн явна гэдэг
Хүйтэн чулууг булганд нь эндүүрэхтэй ижил
Бод л доо чи
Жаргадаг газраас нь мандааж бод
Жаргалтай хүнийг зовлонтойд бод
Зуны цэцгийг өвөл ургуулж бод
Зурамны нүхэнд үнэг багтааж бод
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгөхгүй

Бод л доо найзаа, бодооч
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Намайг гудайхыг бурхан ч үзэхгүй гэж бодооч

 Өвөл эхэлчихсэн гэтэл ширхэг ч цас хаялахгүй нэг л сонин
Өөрт минь дурлачихсан гэтэл би дурлаж чадахгүй нэг л хачин
Аль эрт үхчихсэн одоо тэр нэгэнт навч байхаа больчихсон
Асуулт минь дуусчихсан хариулт гэж байхгүй байгаа ч үгүй

Зүгээр л салхи сэвэлзэхэд хүндүүр төрөөд эхэллээ
Зүрх минь ахиад л гунигтай ахиад л уйтгартай
Мөнхийн энэ намрыг зүрхнээсээ авч хаячихаад
Мөнөөх л урдийнх шигээ хавраас хаварт амьдармаар байна

www.zaya13.blogspot.com

Сарны дор чамайг үзье
Сархад мэт залгилж цангаагаа тайлья
Хатаж үхэхээс наахнуур явсан сэтгэлийн
Хаана нь эхэлж гэгээ тусахыг харъя

Хар галтай нүдэнд чинь ямар од гэрэлтэхийг
Хаш цагаан шүдэнд сарны гэрэл бүдгэрэхийг
Хаврын цэцэг намрын салхинд дурлахыг
Хаахна тэгээд үрээ унагаж хийсгэхийг

Зургар хөмсөгт, хөөрхөн ааштад дурлуулж
Зургаараа зургийг минь зурсан тэнгэрийн дор чамайг үзье
Хархан сормуус нь зүрх рүү яаж хатгахыг
Хатгуулсан зүрх өөрийг нь яаж өвтгөхийг үзье

Аньсан нүд аньсган цаанаа юу нуухыг
Ангайх ам, жимийх уруулыг үсэглэе
Гэзэг үс чинь өвс ногоотой ширэлдэхийг ацаглая
Гиншин чарлахдаа чиний тастсан навчсын судсыг барья

Ассан гал дээр ахиж гал асааж бадамлая
Алдалж хэвтсэн газрын чийгтэй ормыг тамгалъя
Хөхний чинь товчинд өндөгний хээ бүдрэхийг мэдэрье
Хөнжил биш тэнгэр нөмөрснөө тийчиж сэрүүцье

Сул салхан хөлний чинь завсраар
Суман хээр өвс ганхан гунхан хөлчихийг харъя
Шилбэн дээр чинь гүйсэн эр шоргоолжны баярыг
Шимийн юманд согтуурсан өндөр дэрстэй аргадъя

Зуны салхинаас өвлийн жаврыг үнэрлэе
Зуу наслах биш энэхэн хормыг мөнхөлье
Тэнгэрт шинэ хүн олдох тэр л алтан агшинд
Газар дээр ганцхан чамтайгаа үхье…

FireStats icon Powered by FireStats