Archive for the 'Saran Zev tuuxen tuuj' Category

XV бүлэг

Зүүн гарын говь руу их цургийн цуваа жигдрэн орлоо. Түүнийг дагаад Нүүдэлчдийн гэр тэрэг, үхэр мал захгүй багшран нүүгэлтэнэ. Бардай сэцэн саяхан тугийн харуулаас буусан Шамдгайтай зэрэгцэн алхуулна.
-Одоо миний төрөлх цэнхэр Увса нуур холгүй боллоо гэж Шамдгайг хэлэхэд түүний хөөрөн хөхих сэтгэлийг ойлгосон Бардай сэцэн:
-Гэрт чинь ямар хүмүүс чамайг хүлээж байгаа вэ гэж асуув.
-Аав ээж, ах дүүс, олондоо олон… эхнэр л буулгаагүй байгаа
-Тэр ч амархан хэрэг.. Хөөрхий эхийн чинь итгэж даатгасанаар чиний аяны мөр зохисон гэдгийг бүү мартаарай гэж Бардай сэцэн хэлээд холхид шаргалтах манхны зэрэглээт оройг ширтлээ.
-Тиймээ, итгэл гэж Шамдгай амандаа давтсанаа нэгийг эргэцүүлэн хэсэг зуур бодлогошров. Уг нь ийм үгийг өгүүлж ахмад нөхрийнхөө сэтгэлийг үймүүлэх нь илүүц мэт, гэтэл санааны мухрыг нээхгүй бол хэдий дотно ч завсартай үлддэгийг бодоод Шамдгай зориглон ам нээлээ.
-Итгэл гэснээс Худу танд аргагүй итгэсэн шүү.
Бардай дуугарсангүй. Түүний шанаа нарийсчихсан юм шиг, хацар нь сүрхий шуугдсаныг Шамдгай сая л анзаарлаа. Энэ эрэмгий эрийн дотор ямар зовлон, жаргал эргэцэж байдгыг гадарлахад хэцүү билээ. Үгнийхээ хариуг авахгүй бололтой гэж бодож явтал Бардай сэцэн ташуураараа хажуугаар нь зэрэгцэн цувсан нүүдэлчдийг зааж:
-Эд нарыг дуртай газар нь илгээхийн надад Жүчи хан хүү зөвшөөрсөн юм. Хэрэв хүсвэл төрөлх Сэлэнгэдээ ч очиж болно. Үүнийг Чингис хаан өөрөө амласан юм. Одоо миний мэргид овогтнийг хэн ч түйвээн залхаахгүй. Энэ л миний үүрч гарах итгэл юм шүү гэж тайван хэллээ.
Онгон сүрлэг Зүүн гарын говь мөнх тэнгэрийн дор дуниартан шаргалтана. Он цагийн гэтлэшгүй уртыг ч, хүн төрөлхтөний барагдашгүй нүүдлийг ч энэ говь тэсвэрлэн давсаар…

Насирбек эмээл дээрээ хазгай суугаад өмнөхөн талдаа зүүрмэглэсэн аятай жигдхэн ганхуулан алхуулах Сүбээдэй баатрыг харж явлаа.
Тоосонд дарагдсан зузаан дээл, нарнаас халхлах ширээстэй эсгий малгай нь тэр их жанжныг энэ хэр олон цэрэгтэй нь эгээ л адилхан харагдуулна. Гэвч тэр, цэргээсээ юугаар ч ялгардгийг одоо Насирбек мэдэх болжээ.
Нэгэн насныхаа амь цөлөм зүтгэлээр тийм жанжны зэрэгт орж чадаагүйнхээ учрыг Насир ойлгосон. Юу гэвэл “Жанжин хүн бол алан хядагч биш, аврагч байх ёстой. Тэр тусмаа дайснаа аврах нь жанжны эрхэм үүрэг байдаг ажээ. Үүнийг яаж ухаарвал зохих вэ гэдгийг Сүбээдэй сая харуулав биш үү. Насирбек тийм ч байж чадсангүй, тийм байдгыг ч мэдсэнгүй. Энэ үгийг бэсүдийн Зэв хэлсэн гэсэн. Гэвч Сүбээдэй баатар өөрөө ч хэлсэн юм билүү. Чингис хааны жанжнууд цөм л ийм зарчмыг дагадаг болохоор чухамдаа хэн хэлсэн нь чухал биш.
Хэрэв тэр нэг шөнө саран зэвний сүүдрийг харчихаад амь алдах шахаагүй бол энэ бүхний тухай Насирбек мэдэхгүй л өнгөрөх байж дээ.
1992.VII.20-VIII.12-ны өглөө. 06 цаг
Чингэлтэй

—.

Дайлга үг

Монгол Туургатан даяараа Их түүхээ дурсан, 800 жилийнхээ ойг бахдан тэмдэглэж байгаа энэ үед зохиолч, зураач Т.Мандирийн “Саран Зэв” хэмээх түүхэн туужийг Та бүхэндээ толилууллаа. Туужид Монголын Аугаа түүхийн ганцхан үйл явдлыг , “Монголын нууц товчоо”-д зөвхөн “Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ авч яваад Мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвгүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв” хэмээн ганцхан өгүүлбэрээр тэмдэглэсэн үйл явдлыг сугалан өвч өгүүлсэн хэдий ч уншигч Танаа XIII зууны түүхийн маш нарийн ширийнийг төдийгүй тэр цагт Монголчуудын агуу байсны нэгээхэн нууцыг дэлгэн, өвөг дээдсийнхээ баатарлаг түүх, агуу их ухааны цараанд бахдан бишрэх сэтгэлийг эрхгүй төрүүлсэн болов уу хэмээн найдна.

Аль 1993 онд хэвлэгдсан энэхүү тууж нь түүхэн үнэлэмжээрээ Монголын уран зохиолын сан хөмрөгт алтан үсгээр бичигдэхуйц ур чадвар, уран санаагаар баялаг зохиол болсон, өөрөөр хэлбэл Монголын уран зохиол дотор түүхэн сэдвээр ийнхүү бичигдсэн үй олон зохиолууд дотроос үнэ цэнэ, чанар чансаагаараа Ренчин абугайн “Заан залуудай” гэх мэт нэг хоёрхон зохиолтой эн зэрэгцэн манлайлахуйц буйзаа. Харин 1993 оноос хойш энэхүү туужийн талаар манай “их мэдэгч” судлаач, шүүмжлэгчид таг чимээгүй байсаар байгаа нь сонин л юм.

Нөгөө талаар Монгол үндэстэний оюуны цог заль сэргэн мандахын нэг ундрага нь Их түүх агаад, энэ түүхээ энэ мэтчилэн яруу сайхнаар өгүүлсэн зохиол бүтээлийн үнэ цэнэ, үлдээц хаялага нь “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтаас нэг ихээр дутаад байхгүй бизээ хэмээн мунхаглана. Уг туужийг тогтон уншсан уншигч та ч энэ талаар саналаа өгүүлэх биз ээ. Энэ дашрамд зохиолч, зураач Т.Мандир ахдаа уран бүтээлийн аяндаа яндашгүй ихийг туулан яваа буй заа, олз омог тань арвин байж, монгол түмнийхээ оюуны сүвийг энэ мэт зохиол бүтээлээрээ ямагт сийгүүлэн сэргээж байгаарай хэмээн ерөөл дэвшүүлье.

Б.Номинчимэд 

XIV бүлэг

Чухамдаа Шамдгайгаас илүү гайхаш тасарч нойр хулжмаар байсан атал Насирбек төр шөнө тун тавлаг нойрсжээ. Хархүрэм балгадаас гарсанаас хойш анх удаа дөрвөлжин тасалгаанд унтсандаа ингэж амарсан байж болох юм. Ер нь хүний төрөлх ахуй үхэн үхтэл мартагдаж, орхигддоггүй билээ. Гэвч нарийн учир нь энэ нэгэн эргэж, тойрсон будилаантай үйл хэргээс /мэргэдийг даггуулсан сүүлчийн шөнийн отоог Насир тулалдаан гэж нэрлэж чадахгүй байжээ./ хойш сири дайчин юунд ч гайхахаа болив. Энэ монгол жанжнуудын хувьд, тэр тусмаа Сүбээдэйд ямар нэгэн хэвшмэл хатуу эрэмбэ үгүй бололтой. Тэд байгал хийгээд хүмүүсийг өөрийн зоргоор захирч чаддаг. Тэдний хувьд бурхан чөтгөр, хутагтан, мяндагтан цөм адил, Мөнх тэнгэрийн эрх тэгш боол байх юм. Нөгөө гайхал Худу, Чулуун нар нь Сүбээдэйн заншлаач байжээ гэвэл одоо Насир огт гайхахааргүй байлаа. Ийм ер бусын сэтгэлгээндээ гүнзгий автсан тул Терликун  хороог төвшитгөсөн их жанжны цэрэг хүрээндээ буцаж, “урваач” Бардай сэцэн хээнцэр хуяг дуулгаар чимэглэн, мянганы ноёдыг дагуулсаар Сүбээдэй баатрыг угтаж авахад цочиж ширвэгдсэнгүй, харин дотроо тэр нэг үүр шөнийн заагаар Сзбээдэйн чачирт сууж, саран зэв тосч авсан хүн бол энэ мөн ажгуу хэмээн батад ойлгож байв. Тэгээд Сүбээдэй баатраас өөр догшин сэжүүч эзэн байсан бол түүний сониуч буурал толгойг мөрнөөс нь салгачихад ер гомдохооргүй нууц зүйлийг санамсаргүй тандчихсанаа мэдэж, хойшид монгол цэрэгтэй нэг бус удаа аялах нь гарцаагүй тул өөртөө хамаагүй зүйлд нүд, чих уралдуулахгүй байхыг цээжиндээ сайтар хатангардуулав.
Сүбээдэй баатар үдийн зоог барихаасаа өмнө өргөөндөө морилж, дутаасан хийгээд олзлогдсон, нүүсэн мэргид аймгийн үйлийг цаашид салган тогтоогоод Абжай хатныг авчир гэж тушаалаа. Хатныг авчрахад Сүбээдэйн дэргэд Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёр шадарлав. Тэр хоёрын доор нэгэн бичээч, мөн Насирбек суулаа. Нэг нь монголоор, нөгөө нь араб үсгээр хэргийг тэмдэглэнэ.
Абжай дүгрэг хүрээтэй сувдан шигтгээт малгай өмч, урт цэнхэр уужаа намируулсаар орж ирэхэд бүгд нам гүм болов. Насирбек хүүхнийг сүрхий ажигласнаа: Хээ гэж дуу алдчихаад амаа барин цаас руугаа тонгойлоо.
Сүбээдэй бүсгүйг харан үг дуугүй сууна. Цаадах нь ч дуугарсангүй. Тэдний бие биеэ харах байдалд өөр өөрийн далдлагдах аргагүй төгс намба байсан тул өргөөнд байгсад тэр сонин сэвүүн орчинд татагдан бүгд л төв царайлан зогсжээ. Зөв хэлбэртэй нимгэн царай, тэгш шулуун хамар, тод хүмүүнтэй зузаавтар уруул, хацар дээрх тод хар мэнгэ нь бүсгүйн царайг урьхан болгож, гагцхүү хөмсөгний хоорондох огцом атираа л энэ бүх даруухан булбарай нүүрний цаана хатуужил төгс, овтой дайчин байгааг яахын аргагүй санагдуулна.
Сүбээдэй бүсгүйг анхааран ширтэх боловч сэтгэлд нь эрт урьдын дурсамж зураг шиг тодрон байжээ. Агучу баатрын том цагаан гэрийн хойморт утас зүү барихаасаа илүү илд, хормогсогт эрхэлж өссөн танхи охин, олон аймгийн хуувь нийлсэн чуулганд Даян ханыг дагаж ирсэн хүүг нь хараад сэтгэл татагдан, гэмгүй үерхэж өссөн урианханы сэргэлэн хөвгүүнээ онхид мартчихсан дэврүүн бүсгүй сэтгэлд нь бууж байлаа.
“Нулимс тоссон мэнгэ” гэж Сүбээдэй зүрхээ шимшрүүлэн бодов. Даян хаан, Агучу баатар хоёр худ ураг болохоор сэтгэл дүүрэн байсан боловч Абжай охины баяр баясгаланд яаж хүрэх билээ. Гэвч хорвоод бүрэн төгс учрал гэж даанч үгүй. Цагийн нуруу, улс төрийн хожоо бодсон эцгүүдийн хэлцэл Хүчүлүгт ер таалагдсангүй байжээ. Дэндүү цэвэрхэн, дэндүү хөнгөн төрсөн Хүчүлүгийн хувьд бурхан Халдуны эрэмгий охин дэндүү эгэл, болхи санагджээ. Хэдийгээр аваал эм нь боловч Абжайн хувьд хишигтэй шөнө улам улам ховордох болсон ч сэтгэл нь хөрсөнгүй, угийн эрэмгийн зангаараа эзэн эрээ өөртөө татах нэлээд хүнд үамыг сонгосон юм гэлцдэг. Түй, Байдраг, Онгийн гол, Наху гүнээс Балхаш нуур, Хэц элс хүртэлх мянга мянган бээр зам, арав гаруй жилийн босоо суугаа амьдралд Абжай тохилог өргөөгөө бүр огоорч, алдарт Хөгсүү Сабраг, Хорисубэчи нарыг орлох гэсэн мэт хөө хуяг, доо жадтай нөхөрлөн, задгай галын дэргэд бүхлээр нойрсон, үүрийн жавар дундуур хүнд бамбайны ирмэгт энгэсэг хацраа хөлдөөж явсан юм гэдэг. Гавьяа зүтгэл нь Хүчүлүгт таалагдвал хөөрхий хатан гурав хоногоор, заримдаа арван ч хоног ханыхаа торгон гэрт хөлбөрөх хишиг хүртдэг байжээ. Нулимс тоссон мэнгэ ээ!
Сүбээдэй Абжайг харж суухдаа өөрийнхөө орь насны тэр нэгэн зовиуртай атлаа жаргалтай гэмээр хүсэл тэмүүлэл дахин төрөх, эсэхийг анзааран чагнаж байв. Тийм бодол өдгөө нэгэнт үгүй болсон бололтой. Түүний хувьд тайчуудын эрх охины хонгорхон дүр л хоцорч. өмнө нь зогсох энэ хүн бол огт өөр хүн, найманы Хүчүлүг ханы хатан бөгөөд Гучин гурван Алтай, Хан тэнгэр уул, Иль, Чүй, Сейхун, Жейхун мөрнөөр элин халигч зовлондоо жаргагч нэгэн л байв.
Сүбээдэй тэр хүний эгэлгүй сонин, бусдын хувьд эмгэнэлтэй гэж үзмээр тавиланг зүгээр л өрөвдөн харж байлаа. Тэр түүнээс юуг ч асуух билээ. Бүргэдэд тасын амьдрал хэрэггүй, Хуланг адууны жүчээгээр баярлуулахгүй нь мэдээж.
Сүбээдэй хоолой засаад өгүүлсэн нь:
-Их засаг хуулийг барьж ярьвал танд олон зүйлийн гэм буй. Гэвч энд түүнийг нарийвчлан хэлэлцэхгүй. Гурван зүйл шалтгаанаар өршөөж, суллан илгээх боллоо. Үүнийг тайлан хэлбээс зохистой. Нэгдүгээрт Та нэгэнт өөр улсын хүн бөгөөд бас ч тэр улсын эзний хатан тул Монгол Улсын хуулиар шийтгэхээс түдгэлзэв. Хоёрдугарт та эм хүн тул энэ тухайд хэлтрүүлэн хөнгөтгөн нь зүйд нийнэ. Гуравдугаарт гээд Сүбээдэй түр зогсосхийж:
-Төрд гавьяа байгуулсан хүн шагналаасаа татгалзаж ялт хүний амь золихыг гуйвал зөвшөөрдөг хааны зарлиг буй. Тэр ёсоор Бардай сэцэн чиний амийг хэлтрүүлэхийг гуйсан тул чамайг тавьж илгээлээ гэж хэлэв.
Хүүхний нар салхинд борлосон хөрслөг царайд үл мэдэг догдлол тодорсноо агшин зуур ариллаа. Тэр Сүбээдэйн зүг хөнгөхөн мэхийн ёсолж, Бардай сэцнийг хэсэг тогтон ажиглаад дайчны барилаар бус төрийн хатны намбаар алхан гарч одов. Сүбээдэй Бардай сэцэнд хандаж:
-Чи хоёр цэрэг гаргаж, эд юмсыг нь хамгаалуул. Уг нь Хүчүлүгт хүргэж өгвөл зохих билээ. өөрөө таалахгүй байх. Мөрний олом гартал юу ч атугай харгалзуул гэж захилаа.
Бардай сэцэн, Чигчидэй хоёул гарч одлоо. Монгол бичээчийг буцаагаад Сүбээдэй суудлаасаа блсч:
-Насирбек та Абжайг хараад яагаад дуу алдав? Гэж асуувал сири дайчин сахал дороо дурамжхан бувтнаад бичгээ цэгцлэн завгүй дүр эсгэнэ.
-Тэгвэл би танд хэлж өгөх үү гэж Сүбээдэй хэлээд өргөн агсрагнаасаа атган хэлмэрчдээ ойртов.
-Та дураараа болтугай. Би л хэлж зүрхлэмгүй.
-Энэ чинь баатар хүн хийвэл зохих үйлээ хийгээгүйгээс болж тохиолдсон сургамж тул заавал үлдээх хэрэгтэй гэж Сүбэээдй Насирбекийн цаашлуулаад: Би таны ярьсаныг нэгд нэгэнгүй санаж байна. Чингээд бодвол та Хүчүлүгийг урхидах хүүхэн худалдаж авахдаа Абжайг сонгочихжээ.
-Тэр үнэн, тэгэхдээ би биш гэж Насирбек татгалзаад Шах надад мөнгө өгч би тэр мөнгийг нь жуучид өгч олуулсан хэрэг гэж учирлав.
-Шахын өмнө хэрэг даасан нь та л шүү дээ. Тэгэхээр таны зугтаасан нь түмэн зөв. өстний нь эхнэрийг өөрийнх нь мөнгөөр худалдаж аваад өстөнд бэлэглэснийг сонсвол Мухамед яаж хилэгнэхийг төсөөлөхөд хялбархан байнам. Үгүй ер ийм арилжааг жинхэнэ шулуун цагаан сэтгэлтэй баатар хүн л хийж чадна. Гээд Сүбээдэй тас тас хөхөрлөө.
-Хэрвээ жинхэнэ эр баатар л ийм тэнэг арилжааг хийж чаддаг юм бол би таныг тулалдаанаас өөр ажилд дагахгүй гэдгээ хэлье гэж Насирбек хэлээд Сүбээдэйд мэхийн ёслоход баатар:
-Энэ ч  сүрхий хариу боллоо. Та ер нь юм юманд хоосонгүй хүн бололтой. Зам урт, цаг ч урт, таны эрдмийг бишгүй сорих вий. Одоо тугч цэрэг Шамдгайг олж надруу илгээнэ үү гэлээ.
-Сүбээдэй ганцаар үлдээд Насирбекийн хөгтэй арилжааг бодон инээвхийлж, аяныхаа тоногтой богцыг задалж, шар хивээр ороосон барсын толгойт мөнгөн гэрэгэ гаргав. Энэ удаа баатар тугч цэргээ шагнаж амжсангүй хүлээж ядаад арга буюу үдийн зоогонд мянганы ноёдыг урьлаа. Угтаа Насирбек хүрээний дотуур хөлөө эцтэл эрсэн билээ. Гэвч Шамдгай олдсонгүй. Тэрхэн үед хүрээ даяар хөл хөдөлгөөн их, хүр дуун ч багагүй байсан тул Насирбекийг зэмлэх аргагүй байлаа. Харин Шамдгай энэ үед хүрээнээс холгүй бяцхан горхины дэргэд суугаад сэтгэлдээ тээглэсэн бас нэг бул хар чулуугаа авч хаян, магнай тэнүүн мишээхийн сацуу Чигчидэй заншлаачийн сэтгэлд багтамгүй увьдасыг гайхан биширч байлаа. Дөнгөж өчигдөрхөн л дарсны газарт Бардай сэцний илдэнд өртөөд амь тавьсан тэр хүн нь сорви ч үгүй сууж байхад тэр баярлахаас ч биш яах билээ. Абжай хатныг хүрээнээс үдэж гаргаад буцаж явсан Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёртой Шамдгай тааралджээ. Гай болж, улаан нөмрөгтэйгээ явсан Чигчидэйг мөнөөх эрсэдсэн элч мөн гэдгийг залуу тугчийн гяхай нүд алдалгүй таньсан боловч ийнхүү эсэн мэнд бас тэгээд өөрийг нь хороосон хүнтэй явж байх чинээ бодол яагаад ч цээжинд нь багтсангүй, нэг бөгөөс өөрөө, эс бөгөөс Бардай сэцэн ордослуулж гэж итгээд дороо хөшиж орхисон билээ. Урьд өдөр нь яг энэ тухай ярилцаж байсан болохоор Шамдгай ямаршуу байдалд орчихоод байгаа Бардай сэцэн түрүүлэн ухаарч, мориноосоо үсрэн буугаад үзалууг сугадаж авахад учир шалтнааныг нь бас төдөлгүй гадарласан Чигчидэй ч яаран тусалжээ. Энэ хэрэг тийм ч амар тайлагсдангүй. Чигчидэй зүлгэн дээр завилан суугаад зүрхээ зогсоон үзүүлснээр Шүамдгай сая итгэжээ.
-Цус бялхах ч гайгүй юм. Энэ бол амжихгүй гэж Шамдгай Чигчидэйн цус нь дөнгөж тархаж буй цохигор царайг сүрдэн ширтэж хэлэхэд:
-Би ч ялгаагүй айлаа гэж Бардай сэцэн хүлээн зөвшөөрв.
-Ийм байдлаар хэдий хэр удах вэ? Гэхэд Чигчидэй: сар, жил ч байж болно. Харин удах тумаа дахин амилахад заавал гадны хүн, бүр нарийн эрдэмтэй хүн хэрэгтэй болно гэжээ.
-Чирч оруулсан хүүр нь босоод ирэхээр хөөрхий муу дарсны газрын эзэн ямар их айсан бол гэж Шамдгай хэлэхэд үг цөөнтэй онход залуу зөвхөн мишилзээд өнгөрөв.
-Энэ эрдмийг хэнээс яаж сурав?
-Ганц нэг заарин мэднэ. Гэвч эрдмийн эх нь Энэтхэг газарт байдаг.
-Чи хө, тэндээс сурав у?
-Бараг л тийм.
-Аль хэр хол вэ?
-Газраар бол жил явах. өмнөд тэнгэсээр зорчиход хоёрхон сард хүрнэ.
-Шамдгай дүү минь, битгий сурагла. Чамд энэ эрдэм хэрэггүй
-Би биш, та сураглав биш үү?
-Тэгвэл хоёулаа мартая.
Тэд ийнхүү хэлэлцээд хүрээ рүүгээ буцлаа. өм цэргүүдийнхээ дунд дахин орсон Шамдгайн хувьд баяр хөөр нь цаглашгүй байлаа. Их л гарлага, золиос хилсдүүлгээр дүүрсэн мэт атлаа эцэстээ сайн сайнаар энэ бүх хэрэг дуусч байгаад итгэсэн Шамдгай өөрийгөө нэг мөсөн мартжээ. Тэгтэл нэгэн хорчин ирж, түүнийг Сүбээдэй баатар луу дагуулан явлаа.
Баатар түүнийг босч угтсанд Шамдгай сандарчээ. Ийм хүндлэлээс эмээж байсан түүнд барсын толгойт гэрэгэ бүр ч хүнд санагдсан нь мэдээж.
-Би чамд зөвхөн гэрэгэ шагнав. Одоохондоо тушаалаад шагнах нь чамд илүүдэнэ гэж Сүбээдэй хэлээд тугч цэргийнхээ ичиж улайсан царайг нухацтай ширтэж:
-Чи харин надад амласнаа одоо санах хэрэгтэй гэв. Шамдгай өөдөөс нь гайхан харснаа бүр ч улайж:
-Тиймээ би … би.. ойлгосон гэв.
Сүбээдэй түүний үгийг эелдэгхэн таслаад:
-Үгүй дээ, ингэж биш. Би чиний чин шударга сэтгэлийг ашигласандаа өршөөл гуйх ёстой. Чи Бардай сэцнийг хилсдлээ гэж харамсаж байсан. Тэгэхэд би чамд “хилсэдсэн,  хилсдүүлсэн хэн болох нь тодрох байлгүй” гэсэн билээ. Одоо сая л тодорлоо. Чиний шударга сэтгэл хилсдэснийг бүгд мэдэх учиртай. Чухам үүний төлөө л би чиний өмнө мэхийе гэжээ.
Шамдгай гэрэгэг цээжиндээ наагаад тэр үед эзэн баатрынхаа хэлснийг сэргээн санаж:
-Хөх Монголын Хас төрийн төлөө энэ бүхнийг хийсэн гэдгийг санаж, таныг би өршөөж байна гэж хүндэтгэлтэйгээр өчлөө.

Үнэхээр ч тэр өглөөний хувьд ялсан, ялагдсан хэн хэн нь тэр тухайгаа эргэцүүлэх завгүй хөдөлцгөөлөө. Сүбээдэй урианханы дөрвөн мянган цэргийг авч Галын шадар цэргүүдийг мөшгин Терликун хороо руу шууд одсоны дараа олзлогсодыг цэгцлэн, хураасан туг, зэвсгийн хамт хүрээнд авчрах албыг Бардай сэцэн дааж хоцорлоо. Үүрийн үнэгэн харанхуйгаар өөрсдийг нь тэгтэл айлгасан төмөр тэрэгнүүдийг газрын намд буулгахад туслах гэж энэ үед нэгэнт олзны хүн болсон Далтхар баатар хүссэн боловч Бурундай ноён одоохондоо мэргидүүдэд ийм итгэл хүлээлгэх болоогүй гэж үзсэн байжээ.
Нар цухуйх үед цуваа сая жигдэрч мананд умбасан шовх чулуун уулсын хормойг даган хөдлөв. Бардай сэцэн, Тэвэг хоёр газар хэмжиж, мэргэд нарт буудал зааж өгөөд, сэрэмжлэх бага сага хамгаалалтыг гүйцээсний дараа тэдэнд амь зуулгаа эрхлэх цагийг нь гаргаж өглөө. Орой болохын хирд Аругчу ирээд “Терликун хороог нэгэнт эзэлсэн. Худу, Чулуун нар цөөн ураг саднаа авч Хивчаагийн зүг оргосон. Мэргидийн ар гэр, отог хүрээг тэндээс шууд Балхаш нуурын зүг аялуулах болсон. Тэр цувааг урианханы мянгатууд авч одно.” гэдгийг дуулгав. Аругчу, Бардай сэцнийг сэжиглэнгүй харж:
-Уг нь энэ бүх тушаалыг би уламжлах уу, байх уу гэж бодсон билээ. Чамайг оргож явсанаас хойш би зүн дээр суусан шиг байж, тэр нэгэн өдөр дарсыг чин хүртсэндээ мөн ч их харамссандаа гэвэл Бардай өөдөөс нь мөн нухацтай харц зөрүүлж:
-Эзнээ муулах гэдэг надад ямар олиг байх вэ? Гэвч чамайг надад талтай үг хэлэх вий гэж илүү их айж байсан юм шүү гэж хариулав.
Хоёр дайчин эр толгой сэгсрэн мушилзаад, салахын өмнө Бардай сэцэн:
-Хүчүлүгийн хатныг хэрхэн тухай эзэн юм хэлэв үү гэж асуулаа.
-Баатар маргааш өглөө ирнэ. Тэр цагт өөрөө тогтоон шийдэх буй заа. Энэ хооронд түүнийг тухалдуулахгүй байлгавал барав гэж Аругчу тоомсоргүй хариулжээ.
Харин Шамгай, Бардай сэцэн хоёрын уулзалт арай хүнд байлаа. Шамдгай хүрээнд түрүүлж ирээд Тэвэгийн гарт Абжай хатныг тушаасны дараа чөлөөтэй болсон ч ийш тийш хөдөлсөнгүй. өм цэргүүд Сүбээдэйг даган Терликун өөд одсон болохоор хүрээнд хэлэлцэх хүн ч байсангүй, дэмий л хуучин галынхаа дэргэд сууж бодлогошров. Дөрвөн өдрийн нүсэр чирэгдлийн дараа бүх юм сайнаар дууссан боловч сэтгэл нь тайван бус, хэн нэгэнд хууртсан мэт гол нь горойн эмзэглэх ажгуу. Мэргидийн олзлогдсод ирэхэд тэр Бардай сэцний барааг харлаа. Мэргид эрийн шарх анисан юм уу, эсвэл ялалтынхаа баяр бахархалд өвчнөө анзаарахаа болио юу, өдрийн турш нааш цааш давхин хоёр хүрээний хоорондох түмэн эхт ажлыг амжуулахдаа ер алжааж цөхсөн янзгүй байв. Түүний энэ төрх байдал Шамдгайн анхны бодол хйигээд Сүбээдэй баатраас авч байсан эрхэм нууц захиа даалгавартай дүйх юм даанч үгүй тул тугч эр өөрийнхөө тухай аргагүй эргэцүүлэн бодоход хүрчээ. өөртөө арай ч хатуу ширүүн хандсан байж магадгүй, юун гэвэл Бардай сэцнийг орж ирэхэд Шамдгайн царай тун тааруу байлаа. Залуу цэргийн сэтгэлд юу эргэлдэж байгааг гадарласан Бардай сэцэн хянуур байж, эхлээд юуны өмнө насны ах, зэрэг дэвийнхээ илүүг ашигласан нь дээр гэж бодлоо.
-Шамдгай бос. Би асартаа оройн хоол бэлтгүүлсэн. өм цэргийнхэн өнөөдөр ирэхгүй. Энд уйдаж суухаар надтай нэгэн оройг өнгөрөө гэж тэр тушаах аясаар өгүүлэв.
Шамдгай дурамжхан өндийлөө.
Сэтгэлд хөндүүр эл хэдэн өдрийн сүүлийг мушгисан оройн зоог хэн хэнийх нь сэтгэлийг ялигүй уужрууллаа.
Бардай сэцэн тугчийн бодлогоширсон хүүхдэрхүү царайг өрөвдсөн шинжтэй харснаа аяныхаа богцыг уудлан урт хүзүүтэй гялалзсан ваарыг сугалж, үйсэн бөглөөг нь мултлаад:
-Энэ бол Сүбээдэй баатрын хэд хоног хүч тавьж цуглуулсан дарсны дээж. Үзмийн дарс гэгч уг чанар нь согтоохдоо бус уйссан сэтгэлийг найрсуулахдаа байдаг юм. Тийм учраас дүү минь чамтай хэдэн цом суулахыг би өөртөө зөвшөөрлөө гээд Шамдгайгаас хариу хүлээсэн ч үгүй, үндсэн ташаар мэлтэлзүүлэн хийж өгөв. Сүбээдэй баатрын нэрийг сонсоод Шамдгайн сэтгэлд ахиад эвдэрч, мэргид эрийн зүг өчүүхэн ёслоод дарсыг дуустал уучихлаа.  
-Амьд явах сайхан гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдан хэлснээ –Гэвч бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан илээж байдгыг санах хэрэгтэй. Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм шүү. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж, зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа гэв.
өөрт нь хандсан энэ үгийн гүн нарийн утгыг Шамдгай ойлголоо. Тэгээд энэ оройн турш Бардайг анх удаа эгцлэн ширтэж:
-Намайг хууралгүйгээр энэ бүхнийг хийж болохгүй байсан гэж үү? хэмээв.
-Чи намайг заншлаач гэж мэдэж байсан бол Худугийн дэргэд тэгтлээ аашилж чадах байсан уу гэж Бардай сөргүүлэн асуулаа. Тэрхэн үгийг эргэж санахдаа үнэхээр Бардайд хилэгнэж, хамаг төлөвлөгөөг эвдэрсэн тооцон гашуудан байсан нь бодогдоод нээрээ үнэнийг мэдэж агсан бол хэрхэвч чингэж авирлаж дөнгөхгүй, тэгээд бүх зүйл домоглосон төдий болох байсныг тугч залуу сайн ойлгов. Түүнийг гэмшингүй инээмсэглэхэд Бардай сэцний дотор уужирч:
-Энэ бүх сайн төгсгөл ердөө чиний тэр хэдэн мөчийн үнэн гашуудлаас эхтэй юм шүү. Энэ л чин үнэнч чанарыг чинь Сүбээдэй баатар таньж сонгосонд чи бахархах учиртай гэлээ.
-Ер нь энэ бүхнийг хэдийд эхэлсэн юм бэ гэж Шамдгай хоёр дахь аяга дарсыг шимэх зуур сонирхлоо. Бардай сэцэн нүүрээ илбэснээ:
-Уг үндэс н их хол бий. Дай-Үсүн ноён Хулан охиноо Чингис хаанд өргөж, мэргид аймаг Хөх төрийн өмөгт багтах болсноос ч юм уу, эсвэл миний бие Ойн иргэдэд заншлаар одсоноос ч эхтэй байж магадгүй. Гэвч хамгийн дөхөм нь энэ хавар Жүчи ханы дэргэд Сүбээдэй, Зэв, Тогучар ноён нар зөвлөлдсөн тэр л нэгэн хэрэг явдал байх болов уу. Тэндээс Жүчи хан намайг Сүбээдэйн цэрэгт илгээсэн бөгөөд би эхнээсээ  иймэрхүү дүр төрхтэй байж, хэрэгтэй цагт Сүбээдэй баатартай маргалдан мэргид руу дайжих үүргийг авсан юм. Гэхдээ тэр үед Худугийн цэрэгт манай заншлаач байсан болохоор чамайг шүтээн болсон тугнаас чинь салгах иймэрхүү явдлын сураг ч үгүй байсан юм шүү.
-Тэр заншлаач илэрсэн юм уу?
-Илэрсэн эсэхийн би одоогоор би хэлж мэдэхгүй. Харин манай их цэргийг энд буухаас яг нэг өдрийн өмнө түүнийг айлын эд хулгасан хэргээр нэг нөхрийн хамт ууцыг нь хугалж хороосныг сонссон. Гэхдээ үүний цаана бас учир ч байж магадгүй.
-Ийм нарийн хэлийг хэн хүргэж ирдэг байна аа?
-Заншлаач маань хилс ялд унаад өөрийгөө аврах бүх аргыг хийгээд дийлээгүй бололтой. Эцсийн мөчид хоол зөөж байсан өвгөн туркменийг хахуульдан өөрийнхөө тухай мэдээг  Сүбээдэй баатарт хүргэж чадсан нь тэр. өвгөн түрэг овоо шан авсан.
-Тэр өвгөнийг манай Бумдай барьж ирсэнийг би саналаа. Ердөө маргааш нь л намайг танд хөтчөөр илгээсэн шүү дээ. Тэгэхээр…?
-Тиймээ. Ердөө л тэр шөнө Сзбээдэй баатар намайг нууцаар дуудаж, бид үүр цайтал хэлэлцээд саяханы үйлийг тогтсон хэрэг. Амь эрсэдсэн заншлаачийн саран зэвийг өвгөн авчирсан байлаа. Тэр заншлаачаа хүндэтгэн, уг зэвийг дахин хэрэглэе гэж Сүбээдэй баатар надад гардуулсан юм аа.
-Их сайн нууцалжээ.
-Хорвоод нууц юм гэж хэзээ ч байдаггүй юм аа. Зөвхөн ухаж мэдээгүйгээс л хүмүүс нууц гэлцдэг юм. Тэр шөнө гэхэд л бид хоёр бас хүний хараанд өртсөн билээ гэж инээмсэглэн хэлэв.
-Хэн байж таарах вэ? Гэж Шамдгай цочин асуув.
-Насирбэк.
-Хэлмэрч сахалтай араб өвгөн үү?
-өвгөн хүн ч бас биш ээ. Чи нас бага учир тэгэж харж байна. Тэр хүн шөнөжин унталгүй бидний чачрыг харуулдсаныг хэвтүүлүүд мэдэж бариад баатарт айлтгасан. Би өөрийгөө түүнд мэдэгдээгүй байх аа…
-Араб өвгөн яах гэсэн юм бол?
-Үүнийг сонирхох чөлөө надад яаж гарах билээ. өдий хүртэл гэм үүсгээгүйг бодоход тэр хүн лав л тандуулч биш байж.  Эсвэл Сүбээдэй баатар гэмт санааг нь болиулж чадсан биз. Чи бид хоёрт тэр өвгөнөөс ч илүү чухал хэрэг ундраад байсан шүү дээ гэж Бардай сэцэн хэлээд аягаа анхилуун үнэрт дарсаар дүүргэв.
Шамдгай инээмсэглэн сууснаа хүрээнээс оргож гарах шөнө үзмийн төгөлд Бардай сэцний хэрхэн авирласныг санаад тэсгэлгүй инээд алдаж:
-Таны матааны үзүүр сүрхий лав орсон шүү гэвэл Бардай сэцэн мөн инээж:
-Тэгэхдээ л Сүбээдэй баатрын ташуурын шархнаас арай хөнгөн туссан байх. Энэ дүүрэн дарсыг тогтоогоод намайг уучил гэснээ хөмсөг зангидаж:
-Гэвч чиний  мэдэж амжаагүй бас олон зүйл бий. Гол дайснаа чи өөрөө барьсан шүү дээ.
-Хэн? Арай Абжай …
-Тиймээ. Абжай бүсгүй гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдаад.
-Би түүний тухай бүр эрт Жүчи ханаас сонссон юмсан. Хүчүлүгийн нэг тийм үйлтэй эм байдаг, тэр нь Хүчүлүгт үл тоогдох мөртөө түүний төлөө гал усанд ч орохоос буцдаггүй гэдгийг өөрөө л үзэж үнэмшив шүү.
-Абжай хатан таныг хороох гэж довтолсоныг би мэдэж байна. өөрөөр ямар гэм хийсэн юм бэ?
-өөр ямар гэнээ  гэж Бардай сэцэн хөгжүүн инээгээд:
-Бараг бүх хэргийг тэр тандаж мэдсэн юм билээ. өөрөө надад хэлсэн юм шүү. Чамайг тусгаарлачихаад би шархандаа халуурч хэвтэхэд Абжай ирж, хонин цагаан эмийг нуруунд минь түрхэж билээ. Түүний ачаар би хоёр өдрийн дотор хөл дээрээ боссон юм шүү дээ. Тэр өвгөн хүний дүрээр хүрээнд нэвтэрч, намайг жанчуулж байхад хориодхон алхамын цаана бээвийгээд зогсож байснаа инээж хөхрөн ярьсан, бас үзмийн төгөлд чи бид хоёрыг муудалцаж байхад бутны ард нуугдан бүгдийг чагнасан. Энэ бүхнээс болоод надад тун сүрхий итгэчихжээ. “Хэрвээ Худу чамайг үлдээхгүй бол Хар Киданд очигтун” гэж намайг ятгасан шүү. Тэгэж итгэсэн хүнээ андуурсаныг мэдээд яаж хилэгнэх нь тодорхой байсан учраас би чамд Абжайг харж бай гэж захисан минь тэр.
-Байз, байз гэж Шамдгай дуу алдаад нүдээ их болгож
-Усан үзэм зарж байсан өвгөнийг би санаж байна. Үнэхээр нүд нь тун хачин санагдсан. Залуу хүн шиг… Гэтэл бас илбэч эм..
-Чи одоо л ухаарлаа. Абжай чамайг Сүбээдэйн туршуул гэж үзээд өөрөө дагаж тагнасан хэрэг. Морин цагт элчтэй уулзахад чинь тэр мэргэч эмийн дүрээр ойртож барих байсан юм даа. Би шархаа тэсвэрлэн босч саад хийснээр барахгүй өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан …
Шамдгай үгийг нь дуустал сонсч тэвчсэнгүй гэнэт аягаа тавиад өндийлөө.
Түүний царай цонхийж, уруул нь чичирнэ.
-Ингэхэд та элчийг алсан шүү дээ:
Бардай сэцний нүдэнд залирхуу оч гялсхийв. Балмагдаж гүйцсэн дүрвэд залуу түүнийг анзаарсангүй, чичирсэн гараа арайхийн дарж:
-Нам цавчсан, цус нь олгойдоод… нүд нь гөлийчихсөн байсныг би одоо харж байгаа юм шиг санаж байна. Тэр хүн бас золиос байсан гэж үү? Хэмээн догдолсноос сөөсөн хоолойгоор хашгирах шахуу хэлэв.
Бардай сэцэн түүний гараас шүүрч:
-Тогтож үз. Чамайг Тангудын цэргийн түрээнд бараг Ли овогтон болтлоо хүндлэгдэж чадсан заншлаач гэж Сүбээдэй баатар магтаж байсан бус уу. Чи ядарсан байна. Энэ дарс ч бас агдуун дарсан эд бололтой. Цус огшуулдаг байж мэднэ. Шөнийн нэг жин цохиж байна шүү. Одоо унтацгаая. Чи бидний үзэж харсан юм ихэдсэн шиг байна. Заримыг нь маргаашдаа хадгальяа гэж ятгалаа.
Шамдгай түр тайвширсан хэдий ч сэтгэл нь дахин үймэрчээ.

Үргэлжлэл бий

Зэрлэг зөгий мэт сум шунгинах нь бүүр түүр дуулдаад мэргидийн залуу ноёны толгойгүй цогцос эмээл дээрээ нэгэн хором хачин зэвүүн аймшигтай тогтсоноо буруу талруугаа гулдай ойчлоо. “Бардай сэцэн харвачихлаа. Саран зэвээр л ингэж харвана” гэж хирдхийн бодсон Шамдгай  Зохиолч Т.Мандир

XI бүлэг.

Насирбек Сүбээдэй баатрын өрөөнд дуудагдаж, орж ирээд багагүй гайхлаа. Баатар бүрэн хуяглаж, зэр зэвсгээ зүүгээд царайд нь дарж далдалшгүй баяр жавхлан, бас түгшүүр зовнил хослон тодорч байв.
-Та энэ шөнө бас л унтахгүй нь. Гэвч шанд нь сайхан зүйл үзэх вий. Тийшээ зогсож, олон өдрийнхөө эргэлзээг бага ч атугай тайлагтун гэж Сүбээдэй хэлээд эл найрсаг бадлаа тэр дороо арилгаж хоёр жигүүрлэн зогссон дарга нараа ширүүн харж:
-Бурундай илтгэгтүн гэлээ.
-Ууланд байгаа хоёр мянгат байрлалаа эзэлсэн. Мэргидийн хэсүүл хийгээд суурин харуулийн сүлжээ замыг тогтоож, халах сэлгэх цагийг гаргасан. Дохио өгмөгц Терликун сууринаас нааших бүх харуулыг хомроглон баривчилж ирэхэд бэлэн буй гэж Бурундай айлтгалаа.
Сүбээдэй баатар ширээн дээр газрын зураг дэлгэхэд мянганы ноёд ойртон очиж, тойрон зогслоо. Насирбек тэр зургийг ихэд шохоорхоно. өнгө ялгаж, уулын өндөр нам, даваа гарц, зам харгуйг тэмдэглэсэн нь ялгуум тодорхой, хот суурин тарианы газар, худаг, булаг ч бүгд эндээс мэдэгдэх бололтой.
-Бурундай сонс. өөрийнхөө газрын дээсийг тогтоож ав. Дохиог эндээс түүдэг галаар өгнө. Мэргидийн хорооноос Хөвөө голын гарам чиглэх замыг хичээж цэвэрлэ. Нэг ч хүн үлдээж болохгүй. Төмөр тэргүүд тулж ирмэгц тэндээс байлдах жагсаалыг жагсаа. Буу гурав дуугарахаас нааш сацлан харвах ба алалдан орохыг хориглоно. Гагцхүү сүр үзүүлэхийг сайтар хичээ. Одогтун. Гэж Сүбээдэйг хэлэхэд Бурундай ёслон гарч одлоо.
-Нэмэгт илтгэ.
-Тэрэг жагсаах өндөрлөгүүдийг товлосон нэг цагийн дотор багтаан аваачих болно. Тэрэг бүхэнд гал харвах ба сацах оньсийг бэлэн болгосон. Дарь, шүү, өнгөт гал гаргах үртэс цөм хангалттай.
-Болжээ. Даруй одож тэргийг дөрвөн зүгт байрлуул. Буу нэг дуугарахад гал сацагтун, бас өнгөт галыг үүсгэ. Буу хоёр удаа дуугарвал гал харвана. Гурван удаа дуугарвал байлдааны цэнэгээр харвах хэрэгтэй. Дохиог бүү алдаж эндэгтүн.
Мянганы ноён Нэмэгт зарилгыг хүлээн авч одлоо.
-Урианханы дөрвөн мянгат, харлуг, алимарын мянгатууд цаазыг сонс. Энэ бол гээд Сүбээдэй зураг дээр хатгаж: Чүй мөрөнд тулсан Илийн Алтайн шувтрах Хар үзүүр уул. Манай хүрээнээс өрнөш арван хоёр бээр зайд бий. Энэ уул Бестиш хөндийг эмжинэ. Ууланд та нар бүгэх болно. Аль болох их дэлгээ жагсаалаар тэлэгтүн. Мэргидийн цэрэг хөндийд орж ирээд амсхийж жагсаалаа эмхэлнэ. Энэ үед өрнөд, жигүүрээ тэлж, дайсны араар ороогоод энэ шугуйд тултал гурван цувраа байдлаар эгнээгээ жигдрүүлж авах ёстой. Эхний буу тавихад төмөр тэргүүд гал сацна. Та нар өөрсдийн эзэлсэн байрлалыг илэрхийлэн, хүрэлцэхүйц бамбар ноцоон, уухайлж дэмжигтүн. Буу гурав дахиа дуугарахад сая довтлон орж болно.
Мянганы зургаан ноён захиаг хүлээн цэргээ бэлтгэхээр цувран гарлаа.
-Тэвэг ноён чиний хариуцсан үйлс бэлэн үү?
Алдарт жанжин Хуйлдарын хөвгүүн, мангудын гавшгай мянганы ахлагч, шаантаг шиг чийрэг тэвхгэр эр урагш гарч: Бүгдийг ёсоор болгосон. Энэ өдөр хүрээнд ирсэн бүх арилжаачдыг саатуулсан. Тэд тайван тохитой газарт таны зарлигийг хүлээж байгаа гэвэл Сүбээдэй:
-Тэднийг өглөө болтол байлга. Бас хүрээний эргэн тойрны таван бээрт байгаа бүх хүмүүсийг эр, эм харан, ноён гэж ялгалгүй албадан саатуул. Хүрээний амар амгалан хийгээд, мэргидэд хэл болох бүхий л шижмийг таслах нь чиний үүрэг мөн. Дариу одогтун.
Тэвэгийг гарсаны дараа өргөөнд Сүбээдэй, Насир хоёроос гадна уйгарын мянганы ноён Барстегин, гавшгай зуутын ахлагч Аругчу нар л үлджээ.
-Барстегин та энэ газрыг сайн мэдэх тул цэргээ хувааж, найдвартай хүмүүсээр захируулан төмөр тэрэгнүүдийг хамгаална. Тэрэгнүүд газрын өндөр хийгээд бартааг аван байрлах болохоор мэргидүүд зоргоор халдаж чадахгүй. Гэвч тэд бууж өгөхгүй бол урагшлах болно. Тэр цагт Нэмэгт лүгээ хавсран ор. Гурав дахь буун дуу эцсийн дохио. Бусад дохио, тэмдэг хуучнаараа буй гэж Сүбээдэй заалаа.
Барстегин гарч одов.
Олон анги, багийг улируулан зарж илгээж энэ ажилд нэг бүтэн мөчийн төдий ч хугацаа  орсонгүй. Их бага тулалдаан, өрнө дорнын олон жанждыг үзэж өнгөрүүлсэн Насирбекийн нүдэнд Сүбээдэй дахин томорч, товойж харагдлаа. Харин үүнийгээ баатар анзаарсангүй, Ауругчуг дуудаж:
-Чиний зуут намайг дагаж одно. Галын хэрэглэл ба дуут зэвсэгийг сайтар базаа. Туг хиур, харанга, бүрээг шалгаж, хэрэглэх үед саатахад бүү хүргүүл. Зарч нарын хөтөлгөө морьдыг үзэж, нуруугаа холгосон, доголсон нь байвал солиул. Шилмэл агтыг чиний мэдэлд өгсүгэй гэж тушаалаа.
Сүбээдэй хэдэн хором нам гүм зогсов.
Төвлөвлөсөн цохилтынхоо уялдаа холбоог тэрбээр сүүлчийн удаа нягтлан тунгаахдаа өчүүхэн төдий ч эргэлзээтэй газар байвал бүгдийг нь зогсоож дахин эхлэхэд бэлэн байх мэт харагдана. Тэгээд тийм дутуу хүтүү зүйл олоогүй бололтой царай нь эерүү болж, агсаргаа чангалаад шөнийн чийгнээс хамгаалах нарийн цэмбэн хивнэгээ хөдөрч бүчлэх зуур Насирын зүг мишээсхийж:
-Одоо хамаг хүндийг жанжин, цэргүүд маань үүрч гарах боллоо. Чи надад хань болж, энэ шөнийн сонин үзмэрийг харж цэнгэгтүн. Алалдах цаг тулваас хамгийн хүнд газарт чамайг илгээнэ  гэдгээ амлая гэжээ.
Насирбек баярласнаа илтгэн гүнээ мэхийн ёсоллоо.
Тэрбээр энд үүнээс илүү үүрэг оногдохгүй гэдгийг одоо сайн ойлгох болжээ. Хажуудаа сонирхогчгүй байх нь хамгийн суут жанжинд ч атугай заримдаа гомдолтой санагддаг байж магадгүй юм.
-Бидэнд бас нэг хань бий шүү гээд Сүбээдэй дэнгийн цутгамал суурийг хуягныхаа ханцуйвчаар хөнгөхөн шүргэхэд ялдам цангинасан дуу гарч, төдөлгүй аян дайны гэмээргүй хөнгөн хувцастай залуу орж ирлээ. Хэдийбээр улаан нөмрөг, тасамтай богино дээлээ сольсон ч түүнийг саяхан өөрийн биеэр дагуулж Сүбээдэй баатарт учруулсан нөгөө толгой нүцгэн залуу мөн гэдгийг Насир танилаа. Энэ удаа залуу тов маягтай ширмэл эсгий малгай духдуулсан байв.
-Энэ хүн бол онходын Чигчидэй. Хэргэм цол нь мянганы ноёноос хэтэрсэн боловч одоохондоо олонд зарлаагүй, албат хөрөнгөө ч эзэмшихээс түдгэлзэж байгаа хүн дээ гэж Сүбээдэйг хэлэхэд энэ бүхэн хошигнол гэдгийг ойлгуулах маягтай Насирбекийн өөдөөс нүд ирмэн дохих мөртөө Сүбээдэй баатрыг зэмлэнгүй харав.
Урианханы жанжин царайгаа төв болгож:
-Насирбекээ, Чигчидэй нас залуу боловч үзсэн сурсан нь их, хийж чаддаг нь бүр ч илүү байж магад. Онход хөвгүүн минь, намайг битгий харцаараа шавхуурдаад бай. Би хэтрүүлэхгүй гээд Насирбекийг анхаар гэсэн бололтой, дунд хуруугаа нийлүүлэн огцом зангаж:
-Чигчидэй бол Толуй эзний шадар, хөвгүүдийнх нь багш билээ. Энэ хүн ойрын хэдэн жил тангуд, жүрчин, кидан иргэний дунд байж буруу сурталт ноёдынх нь зүрхийг үхүүлсэн тул түр наашаа зайлж ирээд байгаа юм. Цаашид нангиадын Сүн улстой тоглох хол бодлого дэвсгэрлэж яваа. Миний бодоход өмнөд далай ч бас манай онход залуугийн хүрээд зогсох газар биш. Энэ бүхнийг ярьсаны учир гэвэл Насирбек чи энэ аянаас буцаж Хархүрэм буух хүртэлд Чигчидэйтэй нэгэн гал болж яваад төрөлх нутаг ус, хүн зоныхоо тухай сайтар ярьж өгвөл сайн байна. Багдад, Басра, Еруслим, Али-Искандери, Ром гээд агуу их хотууд, суу зальт Саладин, хүчирхэг нутагт Иннокентий, англи норманы Арслан зүрхт хааны тухай ер нь бүгдийн тухай бид сонсч авах хэрэгтэй. Үүний тулд би та хоёрыг уулзууллаа гээд хоёулан өөд ээлжлэн харахад Чигчидэй эхлэн урагш алхаж, Насирбек тосон гарав. Тэд харилцан ёслохдоо бие биеэ сонирхон ажигласныг өгүүлэх юун.
Насирбекийн хувьд онход залуугийн цэх шулуун харц, энгүүн элэгсэг байдал таатай санагдсан бол Чигчидэйд сирийн удамт баатрын уй шингэсэн хөнхөр нүдний харц, буурал суусан өтгөн хууз, нэг хоёроор ч зогсохгүй сорвитой уудам магнай нь нэн өөр ертөнц нээгдэхийг бэлгэдэх мэт сайхан сэтгэгдэл төрүүлж билээ.
Аругчугийн зуут, Сүбээдэйн цэргийн сүлдийг дундаа залан хөдлөхөд харанхуйн дунд эзэнгүй мэт эл хуль оргисон хүрээ дүнсийн хоцорлоо. Гэвч энд соргог хорчингууд нүд ирмэлгүй солбицон тойрсоор, мангуудын цөс ихт дайчид хулгана, зурмын гүйлдэхийг ч алдалгүй ажиглан эргэцэж байгааг тэр бүр үл мэднэм зээ.

XII бүлэг

…. Гарынх нь хүлээс алдуурсанд гайхсандаа Шамдгай золтой л морио давирчихсангүй. Гэвч сүүлийн өдөр хагасын алдаа эндэгдэл нь даанч хэтэрсэн тул дахин болгоомжгүй алхам хийхээс айж, гараа тэрүүхэндээ хөдөлгөн чилээг нь гаргаж, юу болохыг хүлээв.
Чихэнд нь танил хүнгэнэсэн дуу, тэгэхдээ энэ удаа тун намуухан хэлэх нь:
-Гараа урдаа ав гэнэ.
Шамдгай өдөржин, шөнөжин хүлээнд хөшсөн мөрөө болгоомжтой тэнийлгэн, гараа зугуухан өвдөг дээрээ тавив. Хуруунд нь хүйтэн төмөр хүрэхэд бараг зөн совингоороо тосон авбал .. саран зэв байх нь тэр. Дөнгөж л мэдээ орж буй хурууныхаа өндгөөр саран зэвний онгинд наалдсан үзмийг гайхан тэмтрээд Шамдгай баярлах, гомдохын алиныг мэдэхээ болив. Сүбээдэй баатрын хэлснээр яг л хоёр үзэм, тэгэхдээ тун ч анзаарамгүй наалдсан нь үл мэдэх хүнд бол салан палан хүний л хийсэн хэрэг шиг санагдахаар ажээ. Тэгээд энэ зэвний эзэн Бардай сэцэн гэж үү?
Мөн гэдгээ нотлох гэсэн мэт мэргид эр дахин налж, саран зэвээ шувт татан авах мөртөө:
-Алмайралгүй сонс. Хөлийнхөө хүлээг тайлах хэрэггүй. Орчин тойрноо сайн ажигла. Буруу талын урд ганзаганд чинь бугуйл бий. Илдийг дөрөөнд хавчууллаа. /үнэхээр зөв талынх нь хөл гөлөм завсраар овортой юм шургуулах мэдэгдэв. Бардай сэцэн тун адгуу түргэн шивнэнэ/ Чи намайг хамгаална. Абжай хатныг алдалгүй хар гээд гэнэт ойртсон шигээ холдов.  Шамвгай өчүүхэн сэхээ орж, эргэн тойрноо харвал тэр бусдаас арай онцгойдуу тасарсан бололтой. Амгай шажигнан, гөлөм дэрхийхийг сонсвол мэргид цэрэг түр амсхийж буй бололтой. Хэдий олон цэрэг байгаа боловч чимээ шуугиан бага байх нь аргагүй л туршлагатай дайчид гэдгийг сануулна. Шамдгай юуны өмнө илдээ сэм авч, хормой дороо авчран дарж авлаа_ Зүүн гараараа тэмтэрвэл үнэхээр нарийн суран бугуйл ганзагаар даруулаастай байх ажгуу. Дүрвэд залууд энэ нь илдтэй нь тэнцэх хүчтэй зэвсэг юм. Шамдгай ганзагны зангилааг барьж, тайлах дөрийг нь мэдсэний дараа эмээл дээрээ цэгцэрч бараг гурван өдрийн дараа анх удаа уужуу амьсгаа авав.
Яг энэ мөчид фуу дэлбэрэх сүртэй чимээ шөнийн нам гүмийг цочоон дуурсав. Фуун дуутай уралдан эргэн тойронд гал маналзан үүрийн үнэгэн харанхуйг бараг өдөр шиг гэрэлтүүлээ. Мэргид дайчид яаран мориндоо мордож, олом жирмээ сулласан төдийгүй морьдоо амгайвчилж өвс хазуулсан хүмүүс бүр ч тэвдэж байгаа нь огцом огцом гялалзах галын нөлөөнд тодхон харагдана. Ямаршуухан газар ирээд байгаагаа баримжаалж чадаагүй хүмүүст энэ хөндий тун давчуу харагдсаны зэрэгцээ эргэн тойрны бүхий л өндрлөгт гал,дарь, шүү маналзах нь зайгүй бүслэгджээ гэсэн цэрэг хүний цээжинд байнга явдаг айдсыг сэдрээж улам улам хөөргөдөн дэвэргэнэ.
Шамдгайд энэ бүхнийг сонирхон сатаарах зав байсангүй. Эзнээ эрэв. Ашгүй Бардай сэцэн ойрхон зогсоно. Тэрбээр Шамдгайг мартсан бололтой, цаашаа хэн нэгнийг эрэн хараачлах аж. Шамдгай эргэн тойрноо ажиглавал алтан дуулгат зэгзгэр хатан ер үзэгдсэнгүй.
Хоёр дахь фуу нижигнэлээ.
Галт буудлага улам ширүүсч, одоо бүр нүд гялбам цагаан, үхлийн гэмээр зэвүүн саарал өнгөөр ч цахилах болов. “Дагагтун” гэсэн дуу эхлээд тэр нижигнээн дунд сулхан сонсджээ. Удалгүй үй олон эрс дуу нийлүүлэн “Дагагтун”, “Дагагтун” гэж дуудахад харанхуй улам ч давчдах шиг, дээр нь харанга хэнгэргийн жигдхэн бөгөөд хатуу сүрлэг хэмнэл, илдээр бамбайгаа дэлдэх харих дуу нэмэгдэж бүр ч тэсгэлийг алдуулмаар болоод ирлээ.
Урт хүзүү, өргөн хэнхэдэгтэй нүд гялбам цагаан араб угсааны азарга унасан эр хажуугаар нь дүүлэн өнгөрөөд холгүй довон дээр гарч гараа өргөхөд Гал гэж Шамдгай таньлаа. Одоо энэ хүн, энд юу болохыг шийдэх нь гэдгийг Шамдгай ойлголоо. өнгө солибсон цацраг буудлагын гэрэлд Гал ноёны залуухан шийдмэг царай үзэсгэлэнтэй атлаа догшин сүрлэг харагдлаа. Энэ хүн одоо “Үхэн байлдая” гэж уриална гэдгийг Шамдгай гэнэт ухаарч, нуруугаар нь могой гулсах шиг хүйт оргин үс нь бослоо. Хэрвээ Гал ноён уриалбаас энэ хөндий цусан намаг болно. Гэхдээ зөвхөн мэргидийн зоригт залуусийн яс, цусаар хучигдана гэдгийг тааварлахгүй байх аргагүй. Отолтонд орсон цэргийн дайралт бол тулалдаан биш цуст хядлагыг л өдөөдөг нь тогтсон жам. Төмөр тэрэгнүүдэд хэдий чинээн их дарь, шүү, бөмбөг байгааг эд нар яаж мэдэх билээ.
Бардай сэцэн нумаа энгүүхнээр сугалж, тамшаалгаж байхыг Шамдгай ажиглав. Энэ гэмгүйхэн хөдөлгөөн хэний ч хар сэрийг хөдөлгөсөнгүй. Үнэндээ хардахаар сөгөөтэй хүн ч ойр орчинд лав байсангүй. Цөм догдлон царай нь цонхийгоод Галыг ажих мэт. Урт өргөн нь үл мэдэгдэх хөндий битүү амьсгалд давчдан тэр чигээрээ нүжигнээд бүсэлсэн цэргүүд “Дагагтун” гэсэн шуурдлага үе үе жижигнэн уул, завыг дүүргэнэ.
Гал дөрөн дээрээ босоод уртаар амьсгаа авав. Аль болох олон хүнд дуулдахын тулд ингэж байж л чанга дуугарахаас биш яахав. Гэвч энэ хором түүний болоод мэргидийн нэг түмэн цэргийн хувь заяаг хоёр тийш нь шийдээд өгчээ. Зэрлэг зөгий мэт сум шунгинах нь бүүр түүр дуулдаад мэргидийн залуу ноёны толгойгүй цогцос эмээл дээрээ нэгэн хором хачин зэвүүн аймшигтай тогтсоноо буруу талруугаа гулдай ойчлоо. “Бардай сэцэн харвачихлаа. Саран зэвээр л ингэж харвана” гэж хирдхийн бодсон Шамдгай одоо л эзнээ хамгаалах цаг болсоныг ухаарч илдээ суга татаад морио давиран урагшлав. Энэ хооронд Бардай сэцэн хэдийнээ байраа сольж амжжээ. Шамгай түүний хонгор морины нь цайвар сүүлээр баримжаалан дөхөж очтол Бардай санаанд багтамгүй царгиа тод дуугаар:
-Мэргид ах дүү нараа. Дагаар орье. Гуравдахь дуугаар үхэл ирнэ. Галт үхэл ирнэ гэж хашгирлаа.
Саяхан удирдагчаа алдаад эмх журмаа тогтоож амжаагүй байтал цэргийн гол эгнээнээс цойлон дуулдсан энэ уриа олонхийг бүрмөсөн балмагдуулав_.
“Дагагтун”, “дагагтун” гэсэн шургуу дуудлага цөхрөлтгүй нижигнэж, буудлагын хоорондох зай улам ойртсон нь үхлийн тулалдаан эхлэх гуравдахь буун дуу юу юугүй нүргэлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эцсийн эцэст эргэлзээ, хүчирдлийг арай гэж даван туулсан “Дагаар орое доо” гэсэн цөөн хүний дуу сонсогдлоо. Бардай сэцэн царай цонхийж, уруулаа тас жимийчихсэн байв. Хоёр гурван хормын дараа “Дагаар орое” гэсэн чимээ арай хүчтэй сонсдож, эгшин бүрт олон олныг дагуулж чангарлаа. Энэ санаа орчны битүүлэг нууцгай аймшигт эгшинтэй давхцаж, зайлшгүй, зайлшгүй гэсэн нэгэн ухамсар өөд өөрийн эрхгүй татах ажээ.
Бардай сэцэн морио гуядан ухасхийж, нэгэн зуутын ноёны дэргэд очоод:
-Тушаалыг дамжуул. Бүгд тугаа хая. гэж зандарлаа. Зуутын ноён эргэлзсэн боловч тэрбээр Бардай сэцнийг огт танихгүйн дээр мэргид цэргийн ахлах тушаалтны тэмдэг болох дуулганы гурван багц соновторыг нь үзээд арга буюу тушаалыг давтан хашгирлаа.
Бардай сэцэн “Тугаа хэвтүүл” гэж тушааж болох л байв. Энэ нь ийм эмзэг агшинд арай эерүү сонсогдож болох талтай. Гэвч “Хая” гэж тушаах нь огцом тас цохих хүчтэй үг учир үр дүнг нь хурдан үзэхэд илүү нөлөөтэй ажээ. Тугаа хаягдсаныг үзсэн цэрэг эрийн сэтгэлд тушаалаас ухрав гэх буюу нэр төрөө алдав гэж халшрах төрөлх ухамсарын сүүлчийн тулаас унадаг юм. Нэг хүнд энэ тушаал ингэж тусдаг бол их цэргийн хувьд бүр ч эмгэнэлтэй болно. Анги бүрийг ялгаж, өмнө хойтийг чиглүүлсэн ухрах давшихыг тодорхойлж, хүнийх, өөрийнхийг илэрхийлдэг тэр олон туггүйгээр түм ч бай, мянга ч бай эгээ л ялгаагүй сүрэг морьтон, сайндаа илд, саадагтай эрчүүд төдий юм. Тийм мянган хүнтэй байлаа гэхэд эрэмбэ сахилгатай зуун цэргээр үлдэн хөөж болно.
Мэргидийн туг, хиур, дараа дараагаар унаж байгааг Бардай сэцэн сэрэмжлэн харж байв. Энэ зуур Шамдгай эзнээсээ баахан холдсон ч өгсөн үүргийг нь умартсангүй. Гэнэт хажуугаар нь нэгэн морьтон ааг амьсгаагүй өнгөрхөд цөөрч байгаа галт сумны гэрэлд дуулганы нь алтан өнгө гялбасхийж, Шамдгайг цочоов. “Абжай хатан” гэж тэр түгшин бодоод эзэн нь зөвхөн энэ хүнээс л сэрэмжил гэж захисныг саналаа. Бардай сэцэн туг зэвсгээ хурааж байгаа цэргүүдийг ажиглан алгуур цаашилж байсны дээр уул завсарлаагүй төмөр тэрэгнээс гал харвах нь бараг зосгссон тул энэ их үймээн дундуур зүтгэлэн давхиж байгаа ганц морьтныг цэргүүдийн хэн нь ч хориглож саатуулахыг хүссэнгүй. Тэдний хувьд дор бүрнээ санаашран зовних учир шалтгаан мундахгүй байснаас ч тэгсэн байж болно.
Абжай хатны чийрэг гартаа унжуулсхийн барьсан нарийхан мисир болд илдний үзүүр хэний цээж рүү чиглэхийг ганцхан Шамдгай л мэлэж байлаа. Тугч цэрэг бугуйлаа авч нэгэнтээ далламагц шидэж орхив. Суман могой мэт дүүлэн исгэрсэн бугуйл нь хүрэх ёстой газраа хүрмэгц Шамдгай морио давиран эргүүлэв.
Ардаа дөрөө гөлөм тачигнаж, битүүхэн лүг хийх чимээ сонсч, Бардай сэцэн цочин эргэвэл цээжээрээ бугуйлдуулсан Абжай хатан эмээл дээрээсээ татагдан илдээ алдсан боловч өндийн суугаад чивчирсэн бугуйлаа суллах гэж оролдож байв.
-Алив дайчид аа. Энэ хүнийг хүлж орхи гэж Бардай сэцэн тушаахад гайхалзан зогссон хэдэн мэргид эр ухасхийж, золгүй хатныг эвтэйхэн боогоод тавьчихлаа.
-Шамдгай, чи миний аминд орлоо. Одоо бид эзэн, зарц бус болов гэж Бардай хэлээд эргэн тойрноо харж, Чи Абжай хатныг хамгаалан хүрээнд аваач. Удахгүй үүр цайх нь. Энд ч ажил гэж ундарна даа гэжээ.

Зохиолч Т.Мандир
“Саран зэв” түүхэн тууж - аас

IX бүлэг

Насирбекийн хэдэн өдрийн өмнөх итгэл сүжиг алдрах тийшээ хандлаа. Нэг удаа бүр “Би дарсны эрлээс залхлаа” гэж ч хэлж үзжээ. Сүбээдэй ажиггүй инээж “Чи Бардай сэцнийг хараа биз. Тэр жанчуулсан ч оргож амжсан. Харин би чамайг жанчихгүй, шууд л цавчиж  орхино” гээд илднийхээ хуйг алгадахад хөхүүн царайд нь аргагүй ажил хэрэгч төрх тодроод ирж билээ. Насирбект өмгөөлөх Жүчи хан хүү байх биш дээ. Үг дагахаас өөр яах билээ.

Цэргийн цааз сулрана гэхэд үүнээс илүү сулрана гэж лав байдаггүй байх. Хэвтүүл, хишигтнүүд л үүргээ эрхбиш оромдож байгаа бололтой. Зуутууд хээр гарч сургууль хийх нэрийдлээр тарж, ноёд захирагчид нь бөмбөг намнан зугаацаж, цэргүүд нь хад чулуугаар жимс, туулай эрэн цаг нөхцөөнө. Тэдний хэлэлцэх нь “Мэргид дутааж чадахгүй, довтолж чадахгүй. Бид Тогучар ноёнг хүлээж байна” гэнэ. Тэр Тогучар гэгч нь түмэн цэрэг аваад гарсан боловч намартаа ирэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Хамгийн жигшмээр явдал гэвэл зарим ноёд цэргээ аваад бүүр ууланд гарч одсон явдал. Тэд халуунаас зайлж байгаа биз гээд Сүбээдэй ер хэрэгссэнггүй.

Насир “дарсны гурав дахь аялалаас” буцахдаа мэргидийн харуултай мөргөлдөж, хөөрхөн дайтаад үзлээ. Нэг цэрэг гуяндаа жадлуулж, хойно явсан тэрэгнээс хоёр ваар дарс алдав. Энэ хохирлыг Сүбээдэй тоосон ч үгүй. Насирбекийн тулалдаанд омогшсон царайг эцэг нь хүүгээ өхөөрдөх мэт урихнаар ширтээд “Тэсч үз дээ, ханатал тулалдах цаг заавал ирнэ. Тэр цагт хоёр ваар дарсныхаа хариуг авахыг би танд найдна шүү” гэжээ. Тэр нэгэн өдөр “Манай заншлаач хорлогдов” гэсэн гуравхан үгэнд харуусан гутарч байсан нь мартагдсан бололтой. Сүбээдэй яриа хөөрөөтэй, илэн далангүй байх болжээ. Орой сэрүү ороход түүнийг өргөөндөө дуудаад загалмайтны аян дайны тухай яриулаад, өчүүхэн төдий зүйлийг ч гээлгүй лавлана.
-Шүтлэгээс болж нэгийгээ бурангуйлна гэдэг бол сайн хүний хийх үйл бус. Ерөөс энэ орчлонд жинхэнэ хүчтэн хэрэгтэй болжээ. Тэгвэл сая хүмүүс тайван амьдрах болно гэж Сүбээдэй урт ярианы эцэст дүгнэн хэлэхэд Насирбек:
-Тийм хүчтэн гарах уу даа гэж эргэлзжээ.
-Гарчихсан. Тэр бол Чингис хаан гэж Сүбээдэй итгэлтэй хэлээд: Хэрвээ Чингис хаан тушаавал би танай тэр Газрын дундад тэнгис хүртэл аялах л болно. Монгол цэрэг очсон газарт энх амгалан байдал өөрөө тогтоно гэжээ. Насирбек:
-Энэ аялалын байдал, журам надад тийм итгэл төрүүлэхгүй л байна даа гэж ёжлоход Сүбээдэй хөгжүүн инээж:
-Нүдний өмнөх өнгө дүрсэд бүү хууртагтун. Миний анд Зэв “Жанжин байх нь цэрэг байхаас юугаар хэцүү вэ?” гэж асуух дуртайсан. Та бол түүнд юу гэж хариулах вэ?
-Цэрэг бол зөвхөн тушаал биелүүлнэ. Жанжин тэр тушаалийг бодож олно шүү дээ.
-Жанжин ч бас хааны тушаалыг гүйцэлдүүлэгч шүү дээ. Энд тушаал гол бус. Зэв хэдлэхдээ “Цэрэг бол дайснаа алж ч болно, олзолж ч болно. Харин жанжин хүн бол ямагт аврагч байх ёстой. Энэ л хэцүү” гэдэг юм даа гэж Сүбээдэйг хэлэхэд
-Дайснаа аварна гэсэн үү? Хэмээн Насирбек гайхан лавлажээ.
- Тэгэлгүй яах вэ? Хамгийн гол нь дайснаа аврах гэж Сүбээдэй хариулаад Насирбек толгой сэгсэрч: -Үүнийг ч харин ойлгохгүй нь ээ гэхэд - Магадгүй гээд мөшийж билээ.

Бардай сэцнийг оргосны дөрөвдэх өдрийн оройхон цэргийн хүрээнд олноороо хэсүүчлэх болсон арилжаачдыг баатар өргөөнийхөө сөхөөстэй үүдээр харж байснаа гэнэт Насирбекийг дуудаж: -та хоёр хишигтэнийг аваад хүрээн дотуур шалга. Хээр морь хөтөлсөн, улаан нөмрөгтэй залуу хүн байвал шууд бариад ир гэж тушаажээ.

Хөгийн гэмээр энэ даалгаварыг аваад явж байхдаа Насирбек урианханы их жанжиныг согтуу байнауу даа гэж хардлаа. Гэвч хэрэг болгож авчруулсан тэр их дарсаа огт уудаггүй, нүхэн зооринд тэр хэвээр нь дарж хадгалдагийг мэдэх болохоор хөлчинө гэж итгэмгүй. Ашгүй удтал бидрэх хэрэг гарсан ч үгүй, хэдэн тавьтын цаадтай богино улаан нөмрөг хэдэрсэн толгой нүцгэн эр “намайг бариад ав” гэсэн шиг морио зуузайдан хээхийгээд зогсохтой учирлаа. Сайх эр огт эсэргүүцсэнгүй, тэднийг дагаж ирэв.
Сүбээдэй тэр залууг хэсэг сүрхий ширтсэнээ Насирбекийн зангаж:

-Яг мөн байна. Та тушаалыг дандаа сайн биелүүлэх юм. Одоо харьж амрагтун гээд мөнөөх залууг дагуулан өргөөндөө орчихжээ.
Хэрвээ Насирбек гучин настай байгаад, бас Саладины дэргэд ч юм уу, Мохаммед шахын шадар агсан бол иймэрхүү үл ойлгогдох тохуутай гэмээр тушаалыг хоёр удаа авахад эгдүүцэн уурлаж сүйд болох байлаа. Гэвч нас тогтож, нүд тайлсан болохоор “би бол хэрмэл хүн,хэрээ мэдэх хэрэгтэй” хэмээн өөрийгөө дарж сурчээ.
Энэ удаа тэр Сүбээдэйн өргөөг тэр нэгэн шөнийнх шиг тандах гэж биеэ зовоосонгүй. Тийм болохоор хэвтүүлүүд ч гарыг нь сийчих гэж айлгасангүй, энд ирсээр хуучин зуршлаа эрхэмлэх болсон тул цар дүүрэн будаатай хуурга зооглож, усан үзэмний шуугисан дарсаар даруулаад ороо засав. Гэвч тавтай нойрсох боломж гарсангүй ээ.

X бүлэг

Шамдгай өөрийгөө үхсэнээс дор бодож явлаа. Яагаад гэвэл түүнийг эмээл дээр нь даруулаад хүлчихсэн ажээ. Энэ бол мэргидийн цэргийн магнайн цуваа. Үүний араас Бутуул, Далтхар нарын захирсан хүчирхэг түмэн цэрэг шил даран дагаж яваа бөгөөд үүрийн үнэгэн харанхуйгаар Сүбээдэйн хүрээг дайран тэгшлэх учиртай. Тэгэж чадна гэдэгт Шамдгай итгэхээс өөр арга байсангүй. Дайсандаа итгүүлэхийн тулд Сүбээдэй баатар цэргээ задалчихсан байгааг тэр мэднэ. Дайрах өдөр, товыг нь тэр өөрөө мэдэгдэх учиртай билээ. Гэтэл мэдэгдэх нь байтугай…
Тэр өөртөө өчүүхэн ч сэтгэл зовсонгүй, ягирах яс, асгарах цус төдий юм. Харин түүнд найдсан жанжин хөөрхий, жанжиндаа итгээд нойрсож буй нэг түмэн халуун амь хөөрхий. Заналт дайсан нь түүний хажууд мөр зэрэгцэн явна. Тэр бол хамгийн эгзэгтэй мөчид илчилж, улмаар дайсанд барьж өгсөн Бардай сэцэн. Одоо тэр хүн санаандаа хүрэхэд хэдхэн цаг л үлдчихээд, Сүбээдэй жанжны хар тугийг булаагаад авчихсан мэт сэтгэл нь хөөрч, шарх сорвио ч мартчихаад яваа нь энэ. Ээ халаг.

Шөнийн сэрүүн сэвшээ хөлөрсөн нүүрийг нь илбэхэд Шамдгай хорсон цөхөрсөндөө эр хүний харам нулимсыг гаргаж, нүдээ анив. Хамаг бие нь бадайран чилэвч урьд өдрийн явдал нэгд нэгэнгүй үзэгдэж, сэтгэлийнх нь шаналгааг нэмнэ. Дарсны газарт Шамдгай, Бардай сэцнийг хараад гайхсан боловч тийм ноцтой явдал үүднэ гэж огт бодсонгүй. Сэлгүүцсэнд ондууцлаа гэж бодоод эмээж байтал Бардай сэцэн сэлмээ суга татан улаан нөмрөгт эрийг чавчиваас цаадах нь гарыг нь даган гулдайн ойчиход сая сэхээ авч, сэлмээ шүүртэл хоёр гурван мэргэд цэрэг дайрч ирээд агдлан барьж, атгаж явсан саарыг нь булааж аваад Бардайд өгчихлөө. Харамсаж халаглах ямар ч зав гарсангүй. Нөгөө эрийн хүзүү хоолой цусанд будагдаад хөдөлгөөнгүй хэвтэхэд нэг цэрэг жадаараа хатгаж үзсэнээ зовхийг нь нээж харчихаад -Үхчихжээ гэж хэлснийг санана. Тэгэхэд л ямаршуу аюултай алдаа хийснээ ухаарч босон харайхад Бардай сэцэн хүйтнээр инээж:
-Бүү сандар. Сүбээдэйд өөр элч олдоно гэж тохуурхаж билээ. Шамдгайг аваад гарахад дарс зөөгч, эзнийхээ хамт улаан нөмрөгт үхдэлийг хөлөөс нь чирээд цаашаа орж байсан.

Худу нарын хувьд Шамдгайг байцаах, өчиг авах хэрэг байсангүй. Бардай сэцэн бүгдийг нь нэг нэгэнгүй дэлгээд өгөв. Шамдгайг зориуд баганаас уясан тул энэ бүх яриаг арга буюу сонсч тэсч ядахдаа Бардай сэцнийг харааж зүхэн цамнаж байв. Энэ нь тус болохоосоо ус болсон бололтой, Бардай сэцэн тачигнатал инээж:
-Миний үнэн хэлсэн эсэхийг энэ тугч нотлоод өгч байгаа биз дээ гэнэ. Үнэхээр Шамдгайн харуусал хорсолд эргэлзэх хүн байсангүй ээ.
-Сүбээдэй та нарыг довтуулахыг хүсч цэргээ задалсан. Түүний эцсийн найдлага бол зөвхөн би байгаа юм. Энэ тугч /Бардай түүнийг ер нэрээр нь хэлэхгүй байгааг өсөрхөл гэж Шамдгай үзэж байлаа./ намайг өдөөх байсан. Тэгэхээд одоо түүнийг ердөө энэ шөнө л довтлох хэрэгтэй. Дахиад жаахан удвал Тогучарын цэрэг хүрээд ирнэ гэж Бардай агдан өгүүлж байлаа.
Бид урьхинд орно шүү дээ гэж Худуг хаширлахад
-Ухинд оруулахын тулд урхи байх хэрэгтэй гэж Бардай сэцэн хашгираад-Тугчийн хэл ирсэн үед л урхийг бэлтгэнэ. Эс тэгвэл манай харуул ажиглана шүү дээ гэжээ.
-Бардай сэцний зөв. Ийм завшааныг алдаж болохгүй гэж Гал хэлжээ. Гансран догшрох Шамдгайн дэргэд цааш ярилцахад хэцүү болсон тул Худу түүнийг хажуугийн өрөөнд оруулж вандан дээр хүлэхийг тушаажээ. Шинэ Гяндангийнх нь хана ороонго сүлжмэл байсан боохоор тэдний яриа Шамдгайд тодхон сонсдож байв.
-Алагдсан элч хэдийд Сүбээдэй дээр очих байсан бол гэж Худу асуулаа. Бардай сэцний хүнгэнэсэн дуу сонсдох нь:
-Миний явж ирсэнээр бол маргааш өглөө үүрээр болов уу, гэвч тэр арай хурдан довтолно гэвэл шөнө дүлээс наана очиж болох юм.
-Тэгэхээр Сүбээдэй ямар боловч энэ шөнө урхи зангаа бэлтгэж амжихгүй гэж үзэж болох уу?
-Бэлтгэх санаа ч төрөөгүй байгаа. Тийм отолт хийхэд цаг хугацаанаас гадна итгэлтэй мэдээ хэрэгтэй шүү дээ. Хэсэг байзнаад Худугийн бодлогоширсон намуухан дуу сонсогдлоо.

-Энэ бол бидний хувь заяаны эргэлтийн шөнө болж мэднэ. Болох ч байх. Эрхэм дүү нар минь өчүүхэн ч эргэлзээ бидэнд үлдэх ёсгүй.
-Тиймээ. Энэ уудаа Гал ярив. Түүний эрэмгий дуу хоёр ахынхаас эрс ялгарч байв. Бид энэ газар ирээд яг арван нэгэн жил болж байна. Гэтэл тогтнон суурьших хөрс олдохгүй хэвээр. Хэдий болтол Хүчүлүгийг царайчлах юм бэ? Хэрвээ бид Сүбээдэйн цэргийг дарж чадвал ойн иргэдэд итгэл төрнө. Тэнд дахин бослого дэгдээж болно. Эрчис мөрнөөс инэгш чөлөөтэй зорчих зам нээгдэнэ. Довтлох хэрэгтэй.
-Сүбээдэйн бодол тодорсон нь хамгийн гол юм. /Чулуун үгээ зөөж, тун удаах ярих ажээ/ Тэр нутгийнханыг өдөөхөөс эмээгээд биднийг довтолж зүрхлэхгүй байна. Хэрэв Тогучар юм уу, Зэвийн цэрэг ирвэл тэр арай шийдмэг хөдлөх байх. Тэр цагт бидний хүч мөхөсдөнө. Тэгэхээр энд түүний заншлаач сүйрснийг ашиглахаас дээр зам үлдэхгүй л боллоо доо.
Дахиад хэсэг чимээгүй болов. Бардай биеэ барьж цэнэсэн бололтой, хөндий дүнсгэрхэн дуугаар:
-Би зөвхөн өөрийн санаанд л тулгуурлав. Авах, эсэх нь та бүхнийг хэрэг. Сүбээдэй удтал ингэж задгай байхгүй. Биднийг хөдөлгөж чадахгүй бол хүрээгээ цэгцэлж орхино. Тэр цагт арай л хэцүү байх болов уу.

Тэгтэл тэдэн дээр өөр хүн ирэв бололтой, мэнд амраа мэдэлцэх нь дуулдахад Шамдгай чих тавин сонслоо. Эмэгтэй хүн дуугарлаа. Тэр дуу тун танил, тэр тусмаа өчигдөрхөн сонссон мэт санагдаад Шамдгай гайхлаа.
-Бардай сэцэнд итгэхгүй бол та бүхний мөхлийн шороо пурхийх нь тэрдээ. Үүлс хуралдаж аадар зөгнөвч түүнийг хөөх салхи хэзээд байдаг.
Шамдгай цочин  чичрэв. Энэ бол нөгөө илбэч эмийн дуу байлаа. “Хөвгүүн чи ер бусийн хүн байна. Чамд энэ дарсны газар багадах юм. Чиний зүүн гарт үхлийн бугуйл, баруун гарт гал цацарсан илд байдаг юм байна” өчигдөр дарсны газарт сууж байхад илбэч эм түүнд ингэж хэлсэн билээ.
-За яахав. Аргыг аргаар. Тэд биднийг довтлуулах гэж хүссэн бол довтлое. Цэргийг хэн захирах вэ? Гэж Худу хэллээ.
-Би одсугай гэж Гал хэлэв.
-Би хошууч болохыг хүснэ./энэ Бардай сэцэн байв/
-Болтугай, Та хоёрт найман мянган цэрэг өгөе.
Чимээгүй болчихлоо. Гал, Бардай сэцэн нар зөвлөж байх мэт. Чингэтэл Чулуун:
-Энд цэрэг барих нь ашиггүй. Бүх хүчээ зангидаж довтолсон нь дээр. Үгүй бол болье.
-Би өөрийгөө хамгаалах гэсэнгүй. Ямар ч үед бэлтгэл хүч хэрэгтэй.
-Гэнэтийн дайралт шүү дээ. Бүх цэрэг морийг газар дээрээс нь улируулан хэрэглэхээс биш эндээс илгээх арга байхгүй.
-За тэгвэл бүх цэргийг авч морд.
-Харуул, хийгээд шадар отгийн мянган цэргийг үлдээ?. Нөгөө мянгатыг Бардай сэцэн авч магнайд гараг.
Шамдгай хорсон бачимдсандаа ванданг толгойгоороо нүдэв. Энэ чимээг анзаарсан бололтой хананы цаана мэргидүүд инээлдэв.
Энэ тугчийг би авч явьяа. Довтлон орохын өмнө тугчийнх нь тэргүүнээр тугаа тахивал Мэргидийн онгон баясах буйзаа гэх нь Бардай сэцний дуу мөн байлаа.
Тэгээд тэд гарч одоцгоожээ.

Шамдгайг вандангаас суллан авч гарахад их цэрэг хэдийнэ жигдрэн жагссан байв. Нар баруунш ялиггүй тонгойж, цэлмэг сайхан, мэргидийн туг хуар сэрэлзэж давтмал хуягаа зүүсэн Бардай сэцэн омог бардам хөндөлдөнө. Хос илд зүүчихэж. Мөн гайхуулав аа. Нэг нь өөрийнх нь мөн байхыг Шамдгай таньж, эсэн мэнд атлаа зэвсгээ алдсандаа гутарсан нь тоймгүй. Очиж, очиж өөрийнхөө илдэнд хороогдох нь ээ. Нурууных нь шархыг эдгээх гэж Шамдгай үнэн голоосоо хичээсэн юмсан. Ингэх л гэж хичээж дээ. Яг хөдлөхийн өмнө Гал давхиж ирээд Бардай сэцэнд:
Абжай хатан тантай хамт тэргүүн эгнээнд дайтахыг хүсчээ. Ардаа авагтун гэхэд Бардай ёслоод:
-Хүчүлүг ханы хатан дайчин хүн гэж сонссон. Надад түшиг болох буй за гэжээ. Шамдгай тэр хүнийг харвал зэгзгэр гоолиг биеийг нь аг барьсан гоёмсог зүймэл хуягтай агаад уран цоолбортой алт шармал дуулганыхаа саравчийг нүүрээ битүүлэн буулгасан тул үл танигдах, гэхдээ эм хүн гэдэг нь мэдэгдэх нэгн ажгуу.
Магнайн содон урт иштэй хөх хиурыг нэгэнт сажлахад хойш хойшоо мянгат бүрийн эхэнд байх ижил хиур хөдөлж, улмаар их цэрэг замдаа гарлаа.
… Харанхуй болохын өмнө л нэг удаа ганц мөчийн төдий зогсож, эмээлээ авч морьдын нурууг амрааснаас өөрөөр саатаагүйг бодоод одоо Хөвөө голд тун дөхсөнийг гадарлаж, Шамдгайн нуруугаар хүйт даалаа. Хотул хаан шиг хоолойтой бол хашгирахсан даа.

Түүний зовнилийг гадарласан аятай хэн нэг нь шүргэн хүрч ирээд урагш нь таслан хөөх шиг болов. Харанхуйд Бардай сэцний дуулганы хэлбэрийг бүрэг бараг таньсан тугч цэрэг тэр хоромд өөрийн эрхгүй цочиж “Ингээд дуусах нь гэж үү” гэсэн хоолой хорсгом жихүүн бодол харван орж иржээ. Тэгтэл…

“Саран зэв” - 7, 8 дугаар бүлэг
Зохиолч Т.Мандир
“Саран сэв” түүхэн туужҮргэлжлэл

VII бүлэг.

Абжайг харах бүр Худугийн сэтгэл хямардаг бөгөөд энэ удаа ч тийм хэцүүхэн бодолхийллээс бас тойрсонгүй. Тайчууд овгийн тэр бүсгүй булаагдсан гэргий Дөргөнийг нь ямагт санагдуулдаг билээ. Дөргөн нь яг л үүн шиг эрс шийдэмгий, хэний ч санаанд оромгүй зүйлийг сэдэж чаддагсан. өдийд яаж явдаг бол, зоримог бие даасан зан чанар нь бор жигидийн эзэнлэг ариншинтай хэр нийцдэг бол? 

Ийм хүнд үед дэмий юм бодож байна гэдгээ Худу ойлговч сэтгэлэг гэгч ямагт цагийн эрхшээлээс ангид тул бие барихад хэцүү, үнэндээ Абжай түүнд ямар ч гэм хийгээгүй бөгөөд гагчхүү нас бие зан авираар төстэй хоёр эмэгтэйн нэг нь заяа төөргөөсөө хүчээр хагацаад байхад нөгөө нь язгуур угсаа, эрх мэдлээ түүнээсээ хол дутуу атал ийнхүү хөх тэнгэрийн дор дураараа дургиж яваад дотроо эгдүүцэн, атаа нь сэм сэм хөдөлж байдгаас л ингэж хөндий хүйтэн ханддаг байлаа. 

- Заншлаач минь, бидэнд бас ямар нарийн нягт мэдээ олж ирэв дээ гэж Худуг дуугарахад түүний дүнсгэр байдлыг шууд ажсан Абжай толгойгоо омог бардам гэдийлгэж:

- Би чиний заншлаач биш, чиний тусын тулд ч явдаггүйг чи юун эс андах билээ. Эзэн маань та нарыг анхаарч халамжилдаг учраас ирж байгаа юм бишүү гэж дахин иймэрхүү өнгөөр харилцвал гараад явахад бэлэн гэдгээ харуулах гэж өвдгөө тулан өндөсхийжээ. Хүчүлүг, энэ Абжайгаа төдий л ойшоодоггүйг мэдэх боловч сайн санаж ирсэн хэнийг ч болов гомдоох нь ёсонд үл нийцэх тул Худу өөрийгөө зэмлэж, аль болох найрсгаар инээвхийлэн:

- Үг минь хөнгөдсөнийг өршөөн хэлтрүүлж хайрла. Уг санаа минь арай ч тийм биш гэдэгт та итгэвээс бидний ажил хэрэгт тустайсан гэвэл Абжай зүрхээ дарж:
- Чухам чингиж бодоод л танай хороонд ирэхээс би төвөгшөөдөггүй юмсан.
- Ах болоод бидний чин санаа адилхан, Мэргид найманы алдуурсан хувь тавилан ч бас ижил болой гэж Чулуун байдлыг зөөлрүүлэхийн үүднээс яаран тайлбарлав.
Абжай толгой дохилоо. Түүний хувьд энэ бүхэн ямар ч яалгаагүй санагдана. Мэргидэд заналхийлж буй ахул Хүчүлүг ханд холбогдох учраас л тэр энд ирсэн, хэрвээ Худу бардам зангаа татаж байгаа бол илүү юм шаардах хэрэггүй гэж тэр үзлээ.

- Бардай сэцэн гэдэг хүнийг мэдэх үү, та нар гэж Абжай асуув. Ах дүүс бие биеэ харав.
- Мэдэлгүй яах вэ? Хаад мэргидийн хүн. Язгуур өндөр, эрдэм арвин гэдэг юм гэж Худу үгээ цэнэсхийн дуугарвал Чулуун:
- Тэмүүжинд дагаар орсон хүн дээ гэв..,
- Чухамдаа бол Жүчи хан хүүд олзлогдсон юм. Түүний дэргэд байсан юм даа гэж Гал тодрууллаа.
- За тэгвэл тэр хүн чинь Сүбээдэй баатрын цэрэгт байна. Жүчи хан түүнийг дагуул-зөвлөхөөр илгээсэн боловч Сүбээдэй тэр зэрэгт нь хэрэглэсэнгүй бололтой. Түүнээсээ болж муудалцаад, хүнд ял хүлээсэн тул тэр хүн оргож та нарын зүг ирж явна гэж Абжай хэллээ. Бардай сэцнийг бусдаасаа арай илүү таних Гал хүртэл энэ мэдээнд нэг их баярласангүй. Худу бүр ч баргар царайлчихаад:

- Түүнийг хүлээж авах хүсэл надад даанч алга даа гэж хилэнтэй өгүүллээ.
- Яахыгаа та нар өөрсдөө мэднэ гэж Абжай энэ бүхэн өөрт нь нэг их хамаагүй гэдгийг тодруулах мэт ноцтой хэлээд –Харин тэр тун ядруу явааг би мэднэ. Товчхон хэлбэл зуун ташуур занчуулсны дараа хүн яаж явдаг вэ, тиймэрхүү л байдалтай ирж яваа даа.
- Тэгэхээр тэр чинь…
- Эрхэм Чулуун, таны бодсон зөв. Бардай сэцэн олны өмнө жанчигдсан. Энэ шөнө оргож гараагүй бол маргааш түүнийг цэргийн цаазаар аваачих байсан юм гэж Абжай хэллээ.

Бүсгүйн хувирамтгай зөөлөн царайг Худу тун няхуур хараад:

- Тэгвэл тэр лав ганцаараа биш байх аа гэхэд Абжай:
- Сүбээдэйн тугч Шамдгай асарч яваа гэж дооглох мэт хариулав.
Ноёд чимээгүй боллоо. Эргэцүүлэн бодох, шүүн хэлэлцэх зүйл зөндөө гарав бололтой. Гэвч энэ бүхнийг Хүчүлүг ханы хатны дэргэд ярилцах нь тийм ч зохимжтой бус болой. Абжай баттай мэдээ олж ирдэгийг тэр мэддэг болохоор лавлан асуух юм байсангүй тэр тусмаа энэ бүхнийг яаж мэдсэнийг асуух нь бүр илүүц юм. Абжай өөрийнхөө явдал суудлыг тэдэнд байтугай Хүчүлүгт тэр бүр хэлж, учирлаад байдаг хүн биш билээ.
- За тэр язгууртнаа тосч авна уу, тонилгож орхино уу, өөрсдөө мэд. Би өөрийн биеэр харсны хувьд муудалцсан, жанчуулсан нь үнэн гэдгийг л хэлэх гэсэн юм гээд Абжай бослоо.
- Чи одоо Хос орд өөд явах уу?
- Үгүй ээ, би танай хороонд хэд хононо. Гэхдээ үүгээр үзэгдэж төвөг удахгүй гэж Абжай шийдэмгий хэлээд –Миний бодоход Бардай сэцнийг түр агуулж, хэлж ярихыг нь сонсвол зүгээр байх. Түүнийг үгний үнэн магадыг надаас асуухыг хүсвэл би тэр цагт та бүхний өмнө хүрээд л ирнэ. Харин тэр хөтөч цэргийг нь цагдаарай. Тэр бол Сүбээдэйн итгэлтэй хүн.
Бүсгүйг гарсаны дараа тэд хэсэг чимээгүй суулаа.
өөрийг нь хүлээж байгааг ойлгосон Худу хоолой засч:
- Энэ тухай бид сонсоогүй гэж бодьё. Харуулууд Хамаг Монголын цэргийн хүрээнээс оргосон этгээдийг барьж ирвээс тэр цагт хэлэлцсүгэй. Одоо бидэнд өөр ажил мундахгүй байна. Гал чи, өөрийн биеэр мордож, харуулын хэлхээг шалга. Тосгон сууринг эргэх цагт хүч нэм. Хос ордод элч илгээж, Хүчүлүг хааны үгийг автугай. Чулуун чамд Батуул, Далтхар хоёрыг найдьяа. өдөр шөнө, ялгалгүй цэргээ боловсруул. Хэдийд, хаанаас ч тэр байтугай бидний дотроос ч дайсан босч ирнэ гэж санаж бэлтгэгтүн гэж тушаалаа.

Худу өөрөө Терликун хорооны тэргүүн шейхийг дуудаж, цэрэг дайчлах боломжийг хэлэлцэв. Шейх тун болгоомжтой бөгөөд орчин тойрноо сайн мэддэг хүн байсан тул мэргидүүдэд илэрхий туслахаас цааргалж, тэгсэн мөртөө тэднийг дайсагнуулахаас эмээн:

- Суурин ирэгдийг дайчлая гэвэл эрхбиш аж амьдралд заналхийлсэн хурц түгшүүр хэрэгтэй. Одоохондоо тийм мэдээг хэн ч зарлаагүй. Гэхдээ бид огт зүгээр суугаагүй, тариачин, гар урчуудын морь, зэвсэгийг бүртгэж, хүнд үед хичнээн хүн хаанаас гаргаж болохыг тоолж авсан. Бачим байдал тулгармагц би өөрөө удирдан мордоно. Хүчүлүг хаан тушаавал таны их цэргийн жагсаалд ч нийлэн орохоос татгалзахгүй гэжээ.
Шейхийн хаяагаа манасан энэ алхмыг Худу зэмлэж чадсангүй. “Бүртгэх нэг хэрэг, байлдах гэдэг өөр шүү” гэх төдийгөөр хязгаарлав. Намбатай гэдийсхийн алхах шейхийн өргөн ууцыг Худу эгдүүцэсхийн харж хоцрохдоо Чулуун, Гал хоёрын хэн нэгэнд даалгавал энэ хөшүүн эрийг хормын дотор хөдөлгөх л болно гэж өөрийгөө тайтгаруулжээ.

Тэгэж байтал ч Абжайн сануулж хэлсэн үйл явдал өрнөөд иржээ. Морьт харуулуудын хүргэж ирсэн хоёр хүнийг Худуу хүлээж авсангүй, шууд их зээлийн гадна байдаг сэжигтнийг цагдах газарт хүргүүлжээ. Дүү нар нь байсан бол садаа хийж болох байв. Гэвч Худу үүнийг бодолцож, тэднийг урьдчилан гадагш нь илгээсэн тул энд ганцаараа үйл ажлаа явуулах боломжтой болжээ.

Бардай сэцэнд итгэх арга байсангүй. Бүр эрт Буур хээрийн байлдааны үеэр тэр хоёр зүс танилцсан төдий, хожим Дайр-Үсүн ноёныг дагаж урвасан гэж сонссон билээ. Гэтэл энэ этгээд хожим ойн иргэдийн дунд явж байсныг Гал мэднэ. Тэнд Бардай сэцэн Жүчи хан хүүд баригдсан боловч энэ газар бас л хүрээд ирсэн сэжигтэй. Түүнтэй уулзлаа гэхэд ямар ашиг гарах вэ? Эс уулзахад яаж хохирох вэ гэдгийг Худу эргэцүүлээд аль аль нь үгүй санагдсан тул энэ хэргийг шууд суурингийн шүүгч нарт шилжүүлэхээр шийдсэн нь тэр байжээ. Энэ удаад тэр дутуу бодсон байлаа. Бардай сэцэн түүний бодсоноор зээлийн гянданд, хахууль горьдсон шүүгч нарын гарт байсангүй, түүний дүү Чулуун, Гал нарын халамжинд орчихсон, яг нарийн хэлбэл шүүгч нар Галын урьдчилан захиснаар Бардай сэцнийг хөтчийн хамт цэргийн хэргийн танхимд хүргүүлсэн байв.
Худу энэ бүхнийг мэдсэнгүй, үдийнхээ зоогийг бариад Мухамед шахад явуулах захиаг тэрлэх гэж нэлээд сууж, завсар нь