СОНИН АМЬТАН
Бүрхэг боловч манан будан, бороо усгүй ийм нэгэн өглөө манай жуулчид хотгорыг судлах ажлаа эхлэв. Үүргэвч үүрч, буу агссан дөрөв маань хөллөгөөг толгойлдог хоёр ухаалаг нохой хөтлөн дагуулаад хойт зүг хөдлөв. Хоёр нохойн нэг нь хав хар, нөгөө нь бараг цагаан агаад хав харыг нь Номин, нөгөөхийг нь Цагаадай гэнэ. Никифоров нохойдоо, өөртөө орйын хэдэн хоног идэх хоол бэлдэх, басхүү нөхдөө гаргаж өгөхөөр нохдын гурав дахь хөллөгөөний толгойд явдаг Цоохондойг дагуулан явав.
Хунгараас холдох тусам өвч ургамал улам их болж байлаа. Хөвд хагны оронд өвс ногоо сагсайж, умардын бургас, нигүүрсийн мөлхмөл бутас ногоорно. Энэ ойд үд дундын нар саяхан тусаж, мод ургамал нойроос сэрэн амилж байлаа. Цаашлах тусмаа мод бут улам өндөрсөнө. Тэгснээ нэлээд явсны дараа умардын ургамал өвс ногоо аажмаар өөрчлөгдөн сэрүүн бүсийн байгалийн байдал залгав. Хар мод, цагаан хус, нигүүрс модод найгаж өвсөн дунд анхны цэцэгс алаглана. Модод хэсэг хэсгээр төгөл болон ургаж, өндөр нь гурав дөрвөн метр хүрэх ажээ. (more…)




