Раулийн арав дахь өдөр.
Рауль орцны хонгилд бодлогшрон сууна. Тэр ертөнцийн шударга бусын тухай эргэцүүлнэ. Эргэцүүлэл. Цаг нөгцөөх шилдэг арга. Үүнээс өөрөөр энэ ертөнцийг яаж “дүүргэх” билээ дээ? Сургууль дүүргэх гэж бид ярьдаг. Үүнтэй адилаар амьдралыг дүүргэх, ертөнцийг дүүргэх гэж ярьж болохгүй нь юу байх вэ. Цаг нөгцөөх өө гэж. “Matar al tiempo”, “Убить время”. Испаниар ч, оросоор ч, англиар ч адил. Махчилбал, цагийг алах …
Өнгөрсөн бүхнийг дурсч суухад аллага ч гэсэн таатай.
Өндөгнүүд, загаснууд, гүзээлзгэнүүд, ахиад л өндөгнүүд, загаснууд … Хүмүү, нөгөө хэн, хэн, тэр гуай, энэ гуай ээлжлэн нүдний өмнүүр жирэлзэнэ.
Өндөгнүүд, загаснууд, гүзээлзгэнүүд … Байз. Гэнэт Рауль өмнө нь амьд гүзээлзгэнэ зогсож байхыг үзэв.
Охин – Чи юу хийж суугаа юм бэ?
Рауль – Юм бодож байна.
Охин – Юу?
Рауль – Чамд хамаагүй.
Охин уурласангүй. Харин дэргэд нь ирж, шахан суулаа. Тэд гурван цагийн турш үг дуугүй сууцгаажээ.
Охин – Манайд орох уу?
Рауль – Танайд миний сонирхлыг татчихаар юу байгаа юм бэ дээ?
Охин – Би чамд талх шарж өгье.
Рауль – Хиам байхгүй юу?
Охин – Түүнээс ч амттай юм бий.
Богино банзал, хүйсээ ил гаргасан богино цамцтай, уруулуу хөхөөр будсан Гүзээлзгэнэ. Тэр эр хүн шиг том том алхсаар, алхах бүрийд нь цагаан ягаан дотоож цухалзсаар гэр рүүгээ орж явчихлаа. Дотоож нь Раульд багын цуглуулгыг нь гэнэт санагдуулахад тэрээр энэ богинохоон охиныг маш ойроос нэг үнэрлэж үзэх сэн гэж хүснэ. Тэд цагаан талх идээд цадмагцаа нэг оронд орцгоожээ. Охин санаачилгатай хандаж, өөрөө хувцсаа тайлж шидэв.
Раулийн амьдралын арван нэг дэх өдөр.
Рауль ялтны ширээн дээр толгой бөхийн сууна. Шүүх хуралд аав нь ирсэнгүй. Харин туфль өмссөн ээж нь урт хөлөө ачин шүүгч рүү харан суугаад, нулимсаа арчин арчин, үсээ илбэн илбэн хурал дуустал танхимд байжээ. Хүчиндэгчийн ээж, Раулийн ээж. Хөөрхий, тэр эмэгтэй өндөг хагалахдаа хичнэн сурамгай, сайхан хоол хийдэг сайн ээж болохыг хэн ч мэдэхгүй. Хүмүүс бүх юмыг зөвхөн өнөөдрөөр л шүүдэг. Өнөөдөр бол тэр ердөө гэмт хэрэгтний ээж.Гэмтний ээж гэмтэн. Шүүх хурад ирэгсэд яг л шүүгчийн нэгэн адилаар бэлгийн ажил хэрхэн хийснийг нэгбүрчлэн, дүрслэлтэйгээр яриулахыг хүсэв. Хүссэн ёсоор болгов, Рауль. “Хэлээ хийхээр нь хэлийг нь хөхөөд …”
Ахлах шүүгч амаа ангайн байж, нэг ч таслалгүй сонсохдоо, нүүрнийх нь төрх анх орж ирж байсан үеэсээ хамаагүй зөөлөрсөн байхыг харж Рауль гайхав.
Зөөлөн царайтай, үгүй ээ, биш ээ биш, зөөлөрдөг шүүгчтэй таарсандаа баярлаж суутал Рауль … Яг л профессорынх шиг “нүдний шилтэй дуу” чихийг нь хатгатал өвтгөн … Араас нь пүн пан болоод явчихлаа. Нэг жил албадан хөдөлмөр хийлгүүлэхээр Улсын нэрийн өмнөөс … Тас няс.
Улсын нэрийн өмнөөс гэхийг Рауль “Хэний ч биш нэрийн өмнөөс” гэж залруулан сонслоо. Раулийг яллачихлаа.
Хэн?
Ёстой бүү мэд. Тэр шүүгч л лав их сайн хүн байсан.
Раулийн амьдралын арван хоёр дахь өдөр.
Рауль шоронгоос гарлаа. Эгч нь арван таван сая төгрөг төлж байж гурван сарын дараа ийнхүү гэрийнхнийхээ царайг харах нь тэр ээ. Гүзээлзгэнэ мөнгөтэй болж, Философич эрх чөлөөтэй боллоо. Юм бүхэн байрандаа оров. Шоронгоос харьж явахдаа тэр байдгаараа нугдайн байлаа. Угаасаа тэр ялтны ширээн дээр анх сууснаасаа хойш ахиж хичнээн ч хичээгээд дээш харж чадахгүй байгаа юм л даа. Хичээх тусам түүний толгой улам л бөхийх нь сонин. Тэр ширээнд л нэг учир байна. Охид хүүхнүүд хажуугаар нь өнгөрнө. Шарсан мах шиг л хаа холоос, амттайхан хурц үнэрээ түгээсээр хүүхнүүд шүргэн алдан зөрнө.
Шүргэх тусам нь Рауль улам, улам нугдайна. Рауль ийнхүү газар шагайж яваад золтой л машинд дайруулчихсангүй. Даналзсан бүдүүн авгай шиг алцгар том жийпний цонхоор нэг эрхэм:
- Сохор юм уу, яадаг солиотой морь вэ гэж бусад машины дугуйнууд хагартал ууртай дуугаар хашгирлаа.
Рауль морь. Бодлогшронгуй морь. Тэр морь зүгээр л философич болохыг хүссэн юм.
Гэртээ тавтай морилно уу?
Ээж эгч хоёр нь болгоомжлонгуй ширтэнэ. Тэд хоёулаа урт банзал өмсчээ. Гэмт хэрэгтэн Рауль. Эмсийн эрлэг Рауль.
Тэр гурван сар юу ч идээгүй хүний ёсоор тавагтай өндгүүдийг ховдоглон залгихад ердөө ганцхан хором шаардагдав. Ингээд өрөөндөө орж номын сангаа онгичлоо.
Дайрч унагахаа шахсан өнөөх дарга жийп шиг даналзсан улаан ном гараад ирэв. Ааштай Шопенхауэр. Рауль өөрийн эрхгүй далдичлаа. Аминч үзлийн талаар бичсэн хэсэг Раулийн сонирхлыг татав. Тэгээд өдрийн тэмдэглэлээ авч ийн бичлээ:
- Нээрэн энэ хүмүүс өөрийгөө, байгаа бүхнээ золиослоод хэн нэгнийг үхлийн хар савраас суга татаж чаддаг болов уу? Эгч бол чадлаа. Бусад нь … эргэлзээтэй. Эргэлзээтэй бусад хүн… Гэхдэ л би тэднийг буруутгахгүй. Үзэн ядаад байх ч юм алга. Зарим нэг онолын үүднээс бол үхэж байгаа хүнийг аврах зөв ч биш байж мэдэх явдал гэнэ. Усанд живж байсан хүүг аварчихаж л дээ. Гэтэл хүү өсч том болонгуутаа л хүн алагч, хүрээ талагч … Үүнд хэн буруутай вэ? Эгч шиг хүмүүс бол шууд л үсэрч ороод живэхээс нь өмнө гаргаад ирнэ. Харин би яах бол? Биш ээ, юм л бол БИ гэх гээд байх юм, БИД яах бол? “Бид” эгч шиг хүний мөс сайтай биш ч юм билүү? Ерөөсөө хүний мөстэй гэж ярьдаг нь зохимжгүй хэрэг байна шүү. Эгч шиг сайхан сэтгэлтэй хүнийг “мөстэй” гэж ярих нь утгагүй хэрэг. Ингэхэд хүний ус сайтай, цэнгэгтэй гэвэл ямар байна? Солиорчээ, энэ Рауль. Үгүй ээ, угаасаа солиотой байсан юм байна, Бид. Гэмт хэрэгтэн БИД. Ядарч байгаа БИД. Тэмцэхийг хүсэхгүй л байгаа БИД. Хүн болж төрсөндөө баярлахгүй байгаа, БИД. Өөдгүй БИД, өрөвдмөөр бид …” Рауль дэвтрээ хаалаа.
Раулийн арван гурав дахь өдөр.
Рауль – Эгч ээ, дахиад нэг өндөг өгөөч.
Эгч – Чи чинь яасан ханаж, цаддаггүй хүн бэ? Хэдийдээ ийм их иддэг болчихоо вэ? Дахиад хэдийг шарах юм тэгээд?
Рауль – За түүхий л биш бол хэд ч яахав.
Эгч – Ингэхэд түүхийгээр нь идэж яагаад болдоггүй юм? Шарахгүй залгичихдаг бол хичнээн амар. Ерөөсөө чи өөрөө шараад ид. Чадахгүй бол түүхийгээр нь иднэ биз. Би яарч байна. Чиний нэг шөнийн жаргалыг төлөх гэж зовж явна. Хоёр газар ажил хийх ямар болохыг чи мэдэх үү? Ядарч байна. Зүдэрч байна.
Рауль – Түүхийгээр нь идвэл хордлого болоод үхчихдэг гээ биз дээ?
Эгч – Үхнэ л биз. Чи ерөөсөө үхвэл таарна.
Рауль – Би үхэхийг хүсэхгүй байна.
Үнэхээр л Рауль үхэхийг хүсэхгүй байлаа. Тэр эгчийнхээ саваад гарсан хаалгыг ширтэн удаан чимээгүй сууснаа, яаралгүй босч, өндгөө түлэгдтэл нь сайн шарж идлээ. Гэвч ..
Гэвч Рауль муудсан өндөгний хордлого оноштойгоор орой нь эмнэлэгт хүргэгджээ.
Эгч – Рауль минь уучлаарай. Эгчийгээ уучил.
Рауль – Би үхээгүй л байна шүү дээ, юундаа уйлаад байгаа юм бэ?
Эгч – Үхнэ л биз гэж хэлснийг минь уучил.
Рауль – Чи тэгж хэллүү?
Эгч – Чи ядахнаа сайн шараад идчихгүй дээ …
Рауль – Би шарж л идсэн шүү дээ.
Эгч - Өөдгүй худалч. Чи амиа хорлох гэж тэгсэн үү? Хэдэн түүхий өндөг идсэн бэ?
Төгсгөл.
Рауль төржээ. Нэг тийм дулаахан, дулаахан, хэтэрхий дулаахан учраас бүгчим, тэгээд бас ихэнх нь инээмсэглэсэн хүмүүстэй хотод. Тэр инээмсэглэсэн хүмүүс гэвч дандаа бие биетэйгээ мөргөлдөнө. Тийм жижигхэн газар л даа. Уг нь Рауль хүмүүс нэг нэгэнтэйгээ шүргэлцдэггүй тийм том газар төрөхийг хүсч байж. Гэвч хэн ч түүний хүслийг сонссонгүй. Тэгэхээр нь хашгирч үзжээ. Хашгираад л байж, хашгираад л байж.
Гэтэл хашгирсаар байгаад хоолой нь сөөчихөв. Хоолой нь өвдөөд эдгэхгүй байсан тул Рауль маш зөөлхөн, бүлээхэн юм идэх хэрэгтэй болжээ. Ингээд л Рауль амьд дэгдээхэй дөрвийг залгисан юм даа. Хоолой нь хөндүүрлэхээ болилоо. Гүйцээ. Шийдлээ. Рауль инээмсэглэсэн хүмүүстэй хотод мөргөлдөн амьдрахаар үлдлээ.
Сүүлдээ дасаад, мөргөлдөөд байхад ч мөр нь өвдөхөө байжээ.




