Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.
Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсч буй бор шаргал костюмтайгаа, гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л явж байсан. Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй, ямархан нэгэн сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289 улиас 290 болчихоогүй, байшин барилгууд урьдынхаараа, С-ийн амьдрал С-ийнхээрээ л байлаа. (more…)




